Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна

Б.Манлай
2025 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ онд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдийн 296 автобус үйлчилгээнд явна. Хүүхдийн автобусыг техникийн хяналтын үзлэг, оношилгоонд хагас жил тутамд хамруулдаг байна. Үүнээс гадна нийслэлийн боловсролын салбарын багш, ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах бэлтгэл ажлыг зохион байгуулжээ.

2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлснээс нийслэл, дүүргийн төсвөөр 58 барилга баригдаж байна.

Өнөөдрийн байдлаар 15 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. 20 сургууль, цэцэрлэгийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж, нийт 177 сургууль, цэцэрлэг болон эмнэлэгт их засвар хийж байгаа аж.

Сургууль, цэцэрлэг, тэдгээрийн зогсоол зэрэг нийгмийн дэд бүтцийн ажлуудын хүрээнд нийт 51 ажилд 624 нэгж талбар нөлөөлөлд өртсөн. Үүнээс 273 нэгж талбарыг чөлөөлж, сургууль, цэцэрлэг, зогсоол барьжээ.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотод 114 цэцэрлэгийн барилга, 45 сургуулийн барилгыг барьж ашиглалтад оруулсан бол энэ онд өмнөх жилүүдэд хугацаандаа ашиглалтад ороогүй, удаашралтай байгаа 30 барилга (11 цэцэрлэг, 16 сургууль, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор) дээр тусгайлан арга хэмжээ авсан байна.

Ашиглалтад оруулсан есөн барилга дээр нэмэлт төсвийг шийдвэрлэсэн, барилгын ажлыг эрчимжүүлж буй дөрвөн барилга, нэмэлт санхүүжилт шаардлагатай зургаан барилга, газрын асуудалтай нэг барилга, шүүхээр шийдвэрлэх зургаан барилга байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтээс мэдээлэв.