Хүнс, хөдөө аж ахуйн салбарын намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн дараах мэдээллийг өглөө.
Бэлчээрийн ургамлын гарц болон гангийн зураглалаас харахад хөдөө аж ахуй салбарын өвөлжилт, хаваржилт баруун болон төвийн бүсийн аймгуудад хүндрэх төлөв ажиглагдсан байна.
Тухайлбал хамгийн олон малтай Хөвсгөл, Төв аймгуудад бэлчээрийн ургамлын ургац тааруу, дийлэнх сумд нь гандуу гантай байгаа аж. Иймд байгалийн хадлан бэлтгэх боломжгүй байгаа Төв аймгийг Хэнтий аймагтай, Дундговь, Баянхонгорыг Дорнод аймагтай зэргээр хадлан бэлтгэх боломжгүй аймгууд зүүн бүсийн аймгуудтай хадлан бэлтгэх гэрээ байгуулж байгаа юм байна.
Бэлчээрийн ургамлын ургацын явцын мэдээ:
Өнөөдрийн байдлаар нийт 130 сая /хонин толгойгоор/ мал бэлчээрлэж байгаагаас 2025 онд дотоодын хэрэгцээнд 7 сая орчим, гадаад зах зээлд 13 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулан худалдан борлуулах юм байна. 100 сая гаруй малыг өвөлжүүлэх тооцоо гарчээ.
2025 оны наймдугаар сарын 10-ны байдлаар нийт 95.6 сая ам.долларын үнэ бүхий 24.1 мян.тн буюу 1.4 сая толгой малыг экспортод гаргажээ.
Манай улс адууны мах болон дулааны аргаар боловсруулсан махыг БНХАУ болон ОХУ-д экспортолж байгаа аж. Мөн Иран, Ирак, Азербайжан, Узбекистан, Казахстан, Тажикистан зэрэг улсуудад түүхий махны экспорт төвлөрч байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!