Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Хуралдаанд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "2025 оны наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас ажилд 27, бэлтгэлд 18 байгаа бөгөөд 24 зуухыг засварлаж байна. 49 турбогенератораас ажилд 24, бэлтгэлд ес байгаа ба 16 турбогенераторыг засаж, системийн горим ажиллагаа хэвийн явагдаж байгаа.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд
Наймдугаар сарын 15-ны байдлаар бэлтгэл дунджаар 64 хувийн гүйцэтгэлтэй байна.
2025-2026 оны өвлийн их ачааллын горим ажиллагааны үед оргил ачааллыг арванхоёрдугаар сард 1,800 МВт хүрэх тооцоолол гарсан.
Өвлийн оргил ачааллын үед нүүрсний 15 хоногийн аюулгүйн нөөц бүрдүүлэхээр ажиллаж байгаа.
Өнөөдрийн байдлаар төвийн бүсийн станцуудын нүүрсний нөөц бүрдүүлэлт төлөвлөгөөний дагуу явагдаж 372.9 мянган тонн нүүрсний, 2,000 тонн мазутын нөөцтэй байна.
Харин зүүн бүсийн хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангадаг Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК нүүрсний нөөц бүрдүүлэлт тасраад байна. Энэ нь тус компани нүүрс нийлүүлэгч МАК ХХК нүүрс худалдах, худалдан авах гэрээг шинэчилж, нүүрсний үнийг нэмэгдүүлэн Эрчим Хүчний Зохицуулах Хороогоор тогтоолгох хүсэлттэй холбоотойгоор нүүрсний нийлүүлэлт тасраад байгаа.
Улаанбаатар хотын 2025-2026 оны өвлийн оргил ачааллын үед нийт 31,158 тонн/цаг сүлжээний усыг халааж, 2,060.2 Гкал/цаг дулааны ачаалалтай ажиллахаар байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!