Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ундраа: Он гарсаар 1,704 сурагч гэмт хэрэг үйлджээ. Боловсролын орчинд хүүхэд хамгааллыг анхааръя

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхдийн сурч боловсрох эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн Д.Ундраа дараах мэдээллийг хүргэсэн юм. 



Тэрбээр "Улсын хэмжээнд 900 гаруй Ерөнхий Боловсролын Сургууль, 1,400 орчим хувийн болон улсын цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 

Хичээлийн бэлтгэл ажлын хүрээнд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар гадаад, дотоод орчны эрсдэлийн үнэлгээг зайлшгүй хийсэн байх шаардлагатай.

2016 онд батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хууль нь нийгмийн зайлшгүй шаардлагаар шинэчлэгдэн энэ оны нэгдүгээр сарын 17-нд батлагдлаа.

Хуулийг шинэчлэн баталж, хүүхэд хамгааллын орчныг найм болгон нэмэгдүүлсэн. Тодруулбал 

  • Гамшиг, онцгой байдлын хүүхэд хамгаалал
  • Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны хүүхэд хамгааллын асуудал багтаж буй. 

Монгол Улсын хэмжээнд хүүхдийн өмнө хариуцлага хүлээдэггүй нэг ч иргэн, нэг ч салбар, нэг ч төрийн албан хаагч байдаггүй.

Өнгөрсөн борооны араас цув нөмрөх биш, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах, сурах, хөгжих эрхийг хангах шүхэр зарчмаар урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийх нь чухал" хэмээв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "2024 оны долдугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 1,859 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 50 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Эдгээр хүүхдийн 1,704 нь сургуулийн сурагч байгаа юм. Тиймээс боловсролын орчинд хүүхэд хамгаалалд анхаарах шаардлагатай. 

Тэр дундаа боловсролын орчинд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх журмыг яаралтай батлах ажлын нэн тэргүүнд хийх ёстой.

Бүх шатны Засаг даргаар ахлуулсан Хүүхдийн төлөө зөвлөл, орлогч Засаг даргаар ахлуулсан Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо болон Аж Ахуйн Нэгж (ААН), төрийн байгууллагын дэргэдэх байгууллагын эцэг эхийн зөвлөл ажиллаж байгаа.

Түүнчлэн бүх анхан шатны нэгж хүүхдийн элчтэй. Ийм олон салбар зөвлөл, баг байгаа ч дээр дурдсан дүр зурагтай байна. 

Үе тэнгийн дарамт, дээрэлхэлттэй холбоотой асуудлыг Хүүхэд хамгааллын тухай шинэ хуулиар хуульчилсан. Өөрөөр хэлбэл үе тэнгийн дарамт дээрэлхэлт үйлдсэн хүүхдэд ямар шат дараалсан арга хэмжээ авсан талаар хуульчлагдсан гэсэн үг. 

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн дийлэнх нь сургуулийн сурагчид байгаа учраас боловсролын салбар түлхүү анхаарч үзэх шаардлагатай.

Хүүхдийн өмнө насанд хүрсэн хүн болгон, бүх салбар үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хүүхдэд ээлтэй, хүчирхийлэлгүй улс орон болохын төлөө бүх нийтээр хамтарч оролцох зайлшгүй шаардлагатай" гэлээ. 

Хүүхэд хамгааллын тухай хуульд зааснаар 23.4.5.хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхдэд дараах арга хэмжээг шат дараалан хэрэглэх:

  • 23.4.5.а.суралцагчид өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах, зөвлөгөө өгөх, хохирогч суралцагчаас уучлалт гуйлгуулах;
  • 23.4.5.б.сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн төлөвшилд нөлөөлөх сургалт, үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт хамруулах талаар тусгажээ.