Украин улс Оросын газар нутгийн гүнд довтлох чадвартай алсын тусгалын шинэ зэвсэг зохион бүтээжээ
Өрнөдийн холбоотнууд нь алсын тусгалын зэвсгээ Оросын газар нутагт ашиглахыг Украины эрх баригчдад зөвшөөрөхгүй байгаа.
Тэгвэл энэ дутуугаа нөхөх зорилгоор Украин улс өөрийн алсын тусгалын шинэ зэвсгийг зохион бүтээснээ саяхан танилцуулжээ.
Пуужин болон нисгэгчгүй онгоцны хосолмол шинж чанартай “Паляниця” зэвсгийг хөгжүүлж дууссан гэх мэдээллийг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн Бямба гарагт анх баталсан юм.
Паляниця нь украин талхны нэг төрлийг нэрлэдэг нэр бөгөөд зөв дуудахад нэлээд хэцүү тул дайны эхэн үед дайсны тагнуулуудыг илрүүлэхэд ашигладаг байсан гэдэг.
Бямба гарагт Украин улс Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтнолоо зарласны 33 жилийн ойгоо тэмдэглэсэн юм. Энэ өдөр “Паляниця” зэвсгийг эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх Оросын цэргийн байгууламжийг устгахад анх удаа ашигласныг Украины албаны эх сурвалж баталсан ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Украины зэвсэгт хүчнээс гаргасан видео танилцуулгад шинэ зэвсэг нь 700 км хүртэл алсын тусгалтайг дурджээ. Энэ нь АНУ-ын нийлүүлсэн ATACMS системийнхтэй ижил тусгалын зай юм.
Дээрх танилцуулгад “Паляниця” нь Оросын 20 гаруй агаарын баазад хүрэх чадвартайг газрын зураг дээр дүрслэн харуулж байв.
Өрнөдийн орнууд мөргөлдөөн гүнзгийрэхээс болгоомжлон алсын тусгалын зэвсгээ зөвхөн Украины хил дагуух Оросын газар нутагт хэрэглэхийг зөвшөөрдөг.
Харин Украины эрх баригчид Оросын нутгийн гүнд цохилт өгөх хүсэлтэй байгаа юм.
Вашингтонд төвтэй ISW (Institute for the Study of War) хүрээлэнгээс гаргасан тайланд Оросын арми Өрнөдийн хоригийг ашиглан газар нутгийнхаа гүнээс Украинд байлдааны ажиллагаа явуулж буйг бичсэн байдаг.
Тухайлбал АНУ-ын нийлүүлсэн алсын тусгалын зэвсэг ATACMS-ийн цохилтын хүрээнд Оросын цэргийн 250 орчим байгууламж байгаа бол одоо үйлчилж буй хориг нь эдгээрийн дөнгөж 20 орчимд довтлох боломжийг Украины зэвсэгт хүчинд олгож байгаа гэнэ.
Шинэ зэвсгийнхээ талаар Украины технологийн сайд Михаило Федоров “Энэ нь тоглоомын дүрмийг өөрчлөх нөлөөтэй зүйл болно. Учир нь бид Оросуудын одоогоор төсөөлөөгүй байгаа цэгт цохилт өгөх чадвартай болж байна” гэж ярьжээ.
Уг төслийг 18 сарын өмнө цоо шинээр хөгжүүлж эхэлснийг төсөлд оролцсон нэг мэргэжилтэн мэдээлсэн байна.
“Энэ бол Зөвлөлтийн үеийн хуучин төслийн үргэлжлэл биш. Эхнээс нь цоо шинээр хөгжүүлсэн технологи” гэж ажлын шаардлагаар нэрээ нууцалсан мэргэжилтэн ярьжээ.
Шинэ зэвсгийг бүтээх зардал одоогоор $1 сая хүрэхгүй хэмжээнд байгаа бөгөөд хувийн хэвшлийнхнийг оролцуулснаар бууруулах боломжтой гэж Федоров үзэж байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
