ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

И.Болормаа: Усыг савлах болсон нь хомсдож байгаагийн эхлэл

Н.Лхагвасүрэн, Өдрийн шуудан
2014 оны 1 сарын 11
Өдрийн шуудан
Зураг зураг
Усыг савлах болсон нь хомсдож байгаагийн эхлэл

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Анагаах ухааны доктор, Ус судлаач И.Болормаатай ярилцлаа.

-Бид усыг хамгийн чухал хэргэлээ гэдгийг мэддэг хэрнээ түүндээ хайнга ханддаг. Монголчууд бидний ахуйн хэрэглээний усны чанар, аюулгүй байдал хэрхэн ханагадсан байдаг вэ энэ талаар яриагаа эхлэх үү?

-Усны тухай бол их зүйл ярих болно. Энэ бол өргөн сэдэв. Монголчууд устай зүй бусаар харьцдаг байсан гэж ярьж болохгүй. Усыг ихээхэн эрхэмлэж шүтдэг байсан ард түмэн шүү дээ. Энэ нь нүүдэлчний том соёл байжээ.

Үүний зах зухаас бид мэднэ дээ. Усны тухай ярихад мэргэжлийн нэр томъёо их хэрэглэгддэг. Хэлэхээс ч аргагүй болдог. Хүний эрүүл энх, урт наслах нөхцдийг бүрдүүлдэг хамгийн чухал хүчин зүйл бол цэвэр ус. Орчин үеийн хотожсон бидэнд энэ цэвэр ус хомсдож байгаа нь харамсалтай.

Өнөөдөр хотынхон бид дуртай цагтаа карантаар халуун хүйтэн ус гоожуулж байгаагаа мөнхийн энэ хэвээрээ байх юм шиг л санаж байгаа. Хүүхэд залуучуудад усны үнэ цэнийг ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Ус нь өөрт агуулагдах кальци, магнийн ионы нийлбэр хэмжээгээр илэрхийлэгддэг.

Судлаачдын тогтоосноор 1.5 мг/экв/л хүртэл хатуулагтай усыг маш зөөлөн, 1.51 мг/экв/л-3.0 мг/экв/л бол зөөлөн, 3.1    мг/экв/л-6.0 мг/экв/л хатуувтар, 6.1 мг/экв/л-9.0 мг/экв/л хатуу, 9.1 мг/экв/л-ээс их бол маш хатуу ус гэж ярих болно шүү дээ. Ингэж яривал уншигчид төдийлөн сонирхохгүй болов уу.

Манай улсад аймаг нийслэлийн төвүүдийн төвлөрсөн ус хангамжийн усны дундаж хатуулгын түвшингээр маш зөөлөн устай гэгддэг. Хүмүүс мэдэж байхад илүүдэхгүй болов уу. Аймгуудаас Булган зөөлөн устай. Баянөлгий, Баянхонгор,  Дорнот, Завхан, Орхон, Ховд, Хөвсгөл, Архангай хатуувтар бусад нь хатуу устай ангилалд хамаарагддаг байх жишээтэй.

Аймаг, нийслэлийн төвлөрсөн ус хангамжийн усанд хлоридын хэмжээ стандартад заасан норм хэмжээнд байгаа. Одоохондоо нийслэлийн бид усандаа хордоод байхааргүй шүү. Улаанбаатарын хэсэг газарт олон жилийн өмнөөс хөрс бохирдсон нь удаа дараа тогтоогдсон.

-Зуны дэлгэр цагт нийслэлийн гэр хороололд амьдарч буй иргэдийн ууж буй усны нянгийн шинжилгээг байнга хийж чаддаг уу?

-Манай хүрээлэнгээс усны талаар судалгааны ажил их хийгддэг. Өнгөрсөн онд аймаг, нийслэлийн төвлөрсөн ус хангамжийн усны 602 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээр нянгийн тоо 60, сорьцоор гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илрээгүй.

Улсын хэмжээнд нийт 218 сумын хүн амын ундны усны чанар аюулгүй байдалд щинжилгээ хийсэн байгаа. Аймаг, нийслэлийн хэмжээнд 525 айлын уснаас дээж авч нянгийн тоо, гэдэсний бүлгийн савханцар, гэдэсний бүлгийн шинжилгээнд дээж авч шинжлүүлэн үнэлгээ дүгнэлт өгсөн.

Монголчууд сүүлийн үед хуванцар саванд ус хүнсний зүйлээ хадгалах болсон нь эрүүл ахуйд ихээхэн сөргөөр нөлөөлж байгаа.

2008 онд Манай Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаачдын 829 өрхөд хийсэн судалгаагаар зөөж хадгалдаг усны савны ариун цэвэр нийт өрхийн 53,4 хувьд нь дунд зэрэг гэсэн үнэлгээ гарсан. Үүний нэг гол шалтгаан нь зориулалтын бус сав хэрэглэдэгтэй шууд холбоотой.

Учир нь тэдний хэрэглэж буй сав ямар байгааг харуулж байгаа юм. Монголчуудын өвчлөл хуванцар сав, нимгэн уутнаас их нөлөөлж байгаа гэдгийг мэдэхэд илүүдэхгүй байх шүү.

-Өнөөдөр манайхан хот хөдөөгүй хуванцар саванд хүнсээ хадгалдаг болсон үүний хор уршиг яаж нөлөөлдөг вэ?

-Малчид маань химийн хуванцар саванд айраг, таргаа эсгэж, хүнснийхээ зүйлийг хадгалдаг болсон. Тэдний хэрэглэж байгаа савны ихэнх нь тосны болоод химийн бодис хадгалах зориулалт бүхий угааж цэвэрлэхэд тохиромжгүй хуванцар сав хэрэглэгдэж байна.

Судалгаанд тосны том цэнхэр хуванцар савыг шинжилж үзэхэд эдгээр савнуудын хар тугалганы шилжилтийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнээс хэтэрсэн байсан.

Хуванцар савны найрлагыг бүрдүүлэгч гол бодис болох формальдегидын шилжилтийн хэмжээ 1971 онд ОХУ-ын ерөнхий эрүүл ахуйч эмчийн баталснаар хуванцар сав суулганаас химийн бодисын хүнсэнд шилжих зөвшөөрөгдөх дээд хэмжээ 1800 дахин, том, цэнхэр саванд 3600 дахин их агууламжтай байсан.

Мөн хүнсний зориулалттай саванд формалины үлдэгдэл илрэх ёсгүй бөгөөд тосны хадгалалтын хугацаа ихсэх тутам өсч байгаа нь эдгээр савнуудыг хүнсний зориулалтаар ашиглах боломжгүйг харуулсан.

-Одоогоор манай улсад усны бохирдол хаана их байгаа нь судалгаагаар ажиглагддаг вэ?

-Монгол Улс тийм ч их усны нөөцтэй орон биш. Ихэнх тунгалаг усаа гадагш нь гаргадаг. Сүүлийн үед уул уурхайн олборлолт ихсэж гадаргын усны нөөцөд сөргөөр нөлөөлж байгааг хэн хүнгүй ярьдаг хэрнээ хамгаалж зогсоож байгаа нь харагддаггүй.

Хот хөдөөгийн ТББ-ууд л ярьж хэлэхээс цаашгүй байна. Усгүйгээр ямар ч уул уурхайг ашиглах арга байхгүй учир тоотой хэдэн гол горихоо бохирдуулж дуусч байна гэж хэлж болно.

Үүнд хүн бүхэн эмзэглэхээс аргагүй.Туул, Орхон голын сав нутгаар усны бохирдол үе үе илэрдэг. Тэгэхдээ урсгал усанд сайн тал бас бий. Энэ бүс нутгаар аж төрж буй малчдын нутагт олборлолт хийсэн нь одоо ч сөргөөр нөлөөлсөн хэвээр.

-Дэлхий нийтээр савалсан ус хэрэглэдэг боллоо. Энэ нь соёл уу, аль эсвэл хомсдлын шинж үү?

-Нэг талдаа хэрэглээний соёл гэж хэлж болох боловч ерөнхийдөө хомсдож байгаагийн шинж. Сингапур гэх мэт цэвэр усны нөөц байхгүй орнууд гаднаас цэвэр ус импортлох болсноор цэвэр усыг савлан борлуулах зах зээл үүссэн хэрэг. Үүнийг соёлтой хэрэглээ гэхээс аргагүй. Манай улс газрын баялаг элбэг түүнийхээ өчүүхэн бага хэсгийг ашиглаж эхлээд байгаа гэж бодоход одоо ус нь хүрэлцэхгүй гэж яригдаж байгаа.

Оюутолгойг ашиглахад “Гүний хоолойн” ус хүрэлцэхээргүй байгаа шүү дээ. Ерөнхийдөө манай дэлхийн гадаргын 70.8 хувь буюу 361 тэрбум км гурван талбайг эзэлсэн ус 1482 сая м3 байдгийн зөвхөн 2:5 хувь нь цэнгэг цэвэр ус, үлдэх 97.5 хувь нь далай тэнгис, нуур болон газрын доорх эрдэсжсэн ус байдаг.

Үүнийг бодож үзэхэд манай дэлхийн хүн ам хэд билээ. Мэргэжлийн гэлтгүй хүн бүрийн бодож үзэх асуудал шүү дээ.

-Манай улсад Говь-Алтай, Дорноговь аймаг ус муутай гэдэг. Энэ нь ямар учиртай вэ?

-Тус хоёр аймагт ус бага, хатуулаг ихтэй, түүн дээр уул уурхай сөргөөр нөлөөлсөн тал бий. Говь-Алтай аймгийн 13, Дорноговь аймгийн дөрвөн суманд усны хомсдол үүсээд байгаа. Түүний хор нөлөөний тухай ярихад олон хүчин зүйл бий.

-Нийслэлийнхэн бид сайн чанарын ус ууж чадаж байна уу. Зарим эрдэмтэд 10 жилийн дараа Улаанбаатар усны хомсдолд орно гэж ярьж байхыг сонссон?

-Манайд ус судлаач эрдэмтэд олон бий. Тэд өөр өөрийн судалгааны үндсэн дээр ярьж хэлдэг биз. Өнөө маргаашдаа ус хомсдоно гэдэг нь юу юм бэ. Бидний устай байх, сайн муу ус уух нь өөрсдөөс шалтгаалана. Улаанбаатар хот байрласан “Алтан тэвшийн хөндий” буюу “Хүн чулууны хонхор” гэдэг нь олон гол горих урссан жинхэнэ цэвэр цэнгэг устай хөндий байсан байгаа юм. Бид түүнийгээ зөв ашиглаж чадаагүй.

Нийслэлчүүд 2030 онд гүний усны хомсдолд орох магадлал тун өндөр байгаа гэж эрдэмтэд ярьдаг. Учир нь Улаанбаатар хотод дунджаар 300 мянган шоо метр ус хэрэглэж байна. Энэ нь одоогийн байгаа нөөцийн байж болох бүрэн хэмжээнээс илүү ашиглаж байна гэсэн үг. Тиймээс ундны усны хомсдолд орохгүйн тулд шинэ эх үүсвэр хайх хэрэгтэй болж байгаа юм. Орон сууцанд амьдарч буй иргэд асар их ус зарцуулдаг.

Манай улс уул уурхай гэхээсээ илүүтэй яаж усны эх үүсвэртэй болох талаар хамгийн их анхаарах хэрэгтэй юм.. Нийслэлийнхэн бид усандаа дэндүү үрэлгэн хандаж байна. Одоо саарал усны тухай ярих цаг болсон. Алийн болгон машинаа цэвэр усаар угааж, бохиртоо цэвэр ус шахах вэ дээ. Одоо үүнд шинэ дэвшил гаргах хэрэгтэй байна.

Зураг