Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

"2012 оны сонгуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам байхгүй ч гэсэн банз тавиад оруулж байсан жишээ байдаг"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 8 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орон нутгийн Иргэдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн нарт зориулсан сургалт өнөөдөр болж байна. 

Сургалтаар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах байр бэлтгэх, санал авах ажиллагааг зохион байгуулах, хяналтын тооллого хийх, баримт бичиг архивын нэгж хүлээлцэх хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс санал авах зэрэг чиглэлээр сургалтууд оржээ. 

Энэ үеэр Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс санал авахад юунд анхаарах хэрэгтэй талаар сургалт орсныг онцолж байна. 

Манай улсад нийт 115,000 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас 80,000 гаруй нь сонгуулийн насны хүмүүс байгаа бөгөөд энэ нь нийт сонгогчдын долоо орчим хувь юм байна. Гэхдээ эдгээр хүмүүсийн сонгуулийн оролцоо бүрэн дүүрэн хангагдахгүй байгаа аж. 

Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуулийн талаар мэдээлэл, мэдлэг дутмаг байдал, санал авах байрны хүртээмж болон хүмүүсийн ялгаварлаж, хэт өрөвдөж бусдаас тусгаарлаж харьцах зэргээс шалтгаалдаг аж. 

"Үнэлгээ хийсэн 20 санал авах байрнаас 14 нь лифтгүй хоёр давхарт байрлаж байсан"

Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор "Жишээ нь харааны бэрхшээлтэй хүнтэй харилцахдаа "наашаа яв, ийшээ суу" гэх мэт байрлал заасан үг ашигладаггүй зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн харилцах аргачлалын талаар сургалт орлоо. 

Өмнөх улсын их хурлын сонгуулиас харахад харьцаа, хандлагын хувьд өөрчлөгдсөн нь ажиглагдсан. Гэвч манай холбооноос Баянзүрх дүүргийн 20 санал авах байранд үнэлгээ хийхэд 20 санал авах байрнаас 14 нь лифтгүй хоёр давхарт байрлаж байсан. Дөрвөн газар налуу зам хийснээс зөвхөн нэг нь л шаардлага хангаж байсан зэрэг санал авах байрны хүртээмжид нийтээрээ анхаарахгүй байгаа нь ажиглагдсан

2012 оны сонгууль дээр налуу зам байхгүй ч гэсэн банз тавиад орох боломжоор нь хангасан байх жишээтэй байсан бол энэ жил энэ байдал их бага ажиглагдсан. Үүний шалтгааныг тайлбарлахдаа төсөв байхгүй учраас гэсэн тайлбар хэлдэг ч бидний зүгээс үүнийг хандлагын саад байна гэж харж байгаа юм. Хэцүү гэж бодвол зөндөө асуудал байгаа ч шийдэж чадахгүй асуудлууд бол биш юм. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах сайн дурынхныг ажиллуулах нь их үр дүнтэй байсан. Санал авахад нь нөлөөлөхгүйгээр хэрхэн өгөх, бөглөхдөө юунд анхаарах зэрэг мэдээллийг яг өөрт нь зориулж өгөх нь их чухал байсан" гэв.