Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Анхмаа: Ээж байх хамгийн сайхан

Ч.Гантулга
2014 оны 1 сарын 11
Зууны мэдээ
Зураг зураг
“3 охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа

Энэ жил “3 охин” хамтлагийн 10 жилийн ой тохиож байгаа билээ. “Утасны анд” энэ удаа тус хамтлагийн дуучин Г.Анхмаатай холбогдлоо.

-Сайн байна уу. Сайхан амарсан уу?

-Сайхан амарлаа. Өнөөдөр сайхан өдөр байна.

-Та өглөө хэд гэж сэрсэн бэ. Ямар зүүд зүүдлэв?

-Өглөө ихэвчлэн эрт сэрдэг шүү. Зүүдээ ярьчихаар биелдэггүй гэдэг биз дээ /инээв/.

-Өнөөдөр юу хийх төлөвлөгөөтэй байна?

-Одоогоор хувийн ажилтай явж байна. Өнөөдөр гадуур явах ажил бий. Мөн шинэ дууны бэлтгэлд гарчихсан байгаа. Клипний зураг авахуулах, хоолойн бичлэг зэрэг төлөвлөсөн ажил зөндөө байна.

-Энэ жил танай хамтлагийн 10 жилийн ой тохиож байгаа. Төрсөн өдрөө яаж тэмдэглэх вэ?

-“3 охин” хамтлаг 10 жил оршин тогтносон нь үнэнч фэнүүдийн маань итгэл гэж боддог. Биднийг дэмжиж, урам өгч байсан хүн бүхэнд “Баярлалаа” гэж хэлье. Сонсогчид байгаагүй бол бид энэ амжилтад хүрэхгүй байсан. Тиймээс цаг үргэлж бидэнтэй хамт байсан фэнүүддээ ойн баяраа зориулна.

-Танай хамтлагийг фэнүүд чинь үзэсгэлэнт “3 охин” гэдэг. Таны сайхан харагдах нууц юунд байна?

-Сүртэй нууц байхгүй шүү дээ. Өөрт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Түүнээс элдэв жор баримтлаад байдаггүй.

-Өвлийн цагт арьсаа яаж арчилдаг вэ?

-Арьс өнгөлөг, сайхан харагдах нь арчилгаатай холбоотой гэж боддог. Үргэлж чийглэг, цэвэрхэн байлгавал аяндаа сайхан харагдах болно.

-“Киви” хамтлагтай хэр дотно байдаг вэ. Зарим хүмүүс танай хоёр хамтлагийг өрсөлдөгч гэж дүгнэдэг?

-Бид урлаг гэдэг нэг гэр бүлтэй. Гэхдээ өөр өөрийнхөө орон зайд дуугаа дуулаад явж байна. “Киви” хамтлагийг уран бүтээлийн найзууд гэж боддог. Бид бие биенээсээ суралцаж, нэг нэгнээ үргэлж дэмждэг.

-Амьдралын хамгийн сайхан мөч юу вэ?

-Бүсгүй хүний хамгийн гайхалтай мөч ээж байх. Би өөрөө эх хүн болохоор тэр аз жаргалыг мэдэрч байна.

Зураг