Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Хичээлийн шинэ жилийн нээлт нь эцэг эх, багш, сурагчдын баяр байх ёстой учир том дарга нар очиж хүндрэл учруулахгүй"

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Боловсролын Яамнаас 2024-2025 оны хичээлийн жилийг гурван улиралтай байхаар баталсан.

Сурагчдын амралтын хугацааг тогтоохдоо нийслэлийн тухайд ханиад томуу дэгддэг хүйтний үед таван долоо хоног, орон нутагт бол хаврын цагт урт амрахаар төлөвлөсөн юм. 

Түүнчлэн нэгдүгээр улирал урт үргэлжлэх тул аравдугаар сарын сүүлээр бие даалтын долоо хоног гэж оруулж байгаа. Мөн цахим хичээлийн долоо хоногийг хоёр удаа төлөвлөсөн. Хавар ч мөн сурагчдад бие даалтын долоо хоногийг төлөвлөж буй.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Бие даалтын долоо хоногт түүхэн соёл, дурсгалт зүйлстэй танилцах, музей үзэх, зургаан настнуудыг нүд шүд, зүрхний гэхчлэн иж бүрэн эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлууд хийгдэнэ. Мөн гамшгийн сургалт хийхээр холбогдох байгууллагуудтай нь ярилцаж байгаа

Ирж буй хичээлийн жилд 100 сургуулийн 3-4 дүгээр ангийнханд Pearson хөтөлбөрөөр англи хэл зааж, ирэх жилээс улсын хэмжээнд бүрэн нэвтрүүлнэ. 

1-5 дугаар ангийн сурах бичгийг дижитал болгох ажил 90 хувьтай үргэлжилж байгаа. Хүүхдүүдийг sur.esis.edu.mn-д байршуулсан интерактив хичээлүүдийг үзэх боломжоор хангалаа.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн тухайд энэ жил есдүгээр сарын нэгэн нь Ням гарагт тохиож байгаа тул цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн суралцахуйн төвүүд эцэг эх, асран хамгаалагч, суралцагчдад хүндрэл учруулахгүйн тулд төсөр байдлаар зохион байгуулах зөвлөмж хүргүүлсэн.

Төрийн гурван өндөрлөгөөс авхуулаад сайд миний бие ч гэсэн аль нэг сургууль, цэцэрлэгийг онилж очихгүй. Мэндчилгээ дэвшүүлнэ. Энэ баяр бол эцэг эх, багш, суралцагчдын баяр байх ёстой учраас том дарга нар очиж хүндрэл учруулахгүй байх шийдвэрийг Ерөнхий сайд хэлсэн.

Есдүгээр сарын 2-нд их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагууд нээлтээ хийж, есдүгээр сарын 2-ноос хичээл жигдрээд орно.

Жил бүр Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлж, цахим контентыг сургуулиудад ирүүлдэг. Энэ жилийн сэдэв нь Монгол Улсын Үндсэн хууль байна" гэлээ.

https://www.facebook.com/iKonNews/videos/1158570068544019