Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Зеленский "Орос улс дайныг мэдрэх ёстой" гэв

Т.Давааням, ikon.mn
2024 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагийн өглөө Украины зэвсэгт хүчин ОХУ-ын Курск мужийн нутаг дэвсгэрт давшиж орсон юм.

ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр Украины талаас танк, хуягт машины дэмжлэгтэй 1,000 орчим цэрэг хил давсан байна.

Дайн эхэлснээс хойш Украины зэвсэгт хүчин Оросын нутаг дэвсгэрт ийм том хүчээр довтолж байгаагүй юм.

Зарим хараат бус шинжээчдийн мэдээлснээр Киевийн хүч Оросын нутаг дэвсгэрийн 10 км хүртэл гүнд нэвтрээд байгаа гэнэ.

Энэхүү ажиллагааны талаар Киевийн эрх баригчид огт мэдээлэл өгөөгүй байсан бол өчигдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский анх удаа ам нээжээ.

“Орос улс манай газар нутагт дайн авчирсан. Тэгвэл одоо юу хийснээ мэдрэх ёстой. Украинчууд зорилгодоо хэрхэн хүрэхийг мэддэг. Мөн бид дайнаар зорилгодоо хүрэх замыг сонгоогүй” гэж тэр өчигдөр орой мэдэгдсэн байна.

ОХУ-ын батлан хамгаалах яам хилээр нэвтэрсэн дайсны хүн хүч, зэвсэг техникийг амжилттай устгаж байгаагаа мэдээлсээр байна.

Тухайлбал нөөц хүчээ Курск муж руу яаралтай татаж, газар нутгийн гүн рүү давших Украины оролдлогыг таслан зогсоосон гэж өчигдөр мэдээлжээ.

Харин АНУ-д төвтэй ISW (Institute for the Study of War) судалгааны хүрээлэн өнгөрсөн хоёр өдрийн дотор Украины арми Оросын газар нутгийн гүн рүү давшиж, нэлээд хэмжээний газар нутагт хяналтаа тогтоосон гэж дүгнэж байна.

“Оросын нутаг дэвсгэрт явуулж буй механикжсан давшилтын үр дүнд Украины арми Курск мужийн 10 км хүртэл гүнд нэвтрээд байна. Курск муж дахь Украины давшилтын одоогийн цар хүрээ, байршлаас харвал тэд Оросын хамгаалалтын хоёр шугам, бэхлэлтийг нэвтэрсэн байна” гэж тус байгууллага мэдээлжээ.

Лхагва гарагийн мэдэгдэлдээ Зеленский Курскийн ажиллагааг шууд дурдаагүй ч “Бид Орост илүү их шахалт үзүүлэх тусам энх тайвныг хурдан тогтоож чадна. Шударга хүчээр дамжуулан шударга амар амгаланг тогтооно” гэж хэлж байв.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мөн тухайн өдөр засгийн газрын гишүүдтэйгээ уулзахдаа Украины эрх баригчдыг “томоохон өдөөн хатгалга” явуулсанд буруутгаж байлаа.

Украины давшилт хилээс 8 км орчим зайд оршдог Суджа хотыг чиглэж байна.

5,000 орчим оршин суугчтай энэ хот ачаа тээврийн чухал төв юм. Европын зах зээлд гарах байгалийн хийн тээвэрлэлтийн хамгийн сүүлчийн дамжин өнгөрөх цэг энд байдаг.

Оросын цэрэг, дайны сэдвээр бичдэг блогчид ч бас Украины амжилттай давшилтыг баталж байна.

“Нөхцөл байдал маш хэцүү, үргэлжлэн муудаж байна. Суджаг бид бүхэлд нь алдлаа” гэж тэдний нэг Юрий Подоляка өөрийн Телеграм хуудсанд бичжээ.

Курск муж руу довтлох Киевийн эрх баригчдын зорилго бүрхэг хэвээр байна.

Зарим шинжээчид Курскийн давшилтыг Оросын хүчийг тарамдуулж, Донецк дахь давшилтыг нь сулруулах зорилготой байж болзошгүй гэж үзэж байна.

АНУ-ын засаг захиргаа Украины давшилтын зорилгын талаар мэдээлэл авахаар Киевтэй холбогдож буй тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Лхагва гарагт мэдээлсэн юм.

Лхагва гарагийн орой Курск мужийн захиргаа нутаг дэвсгэртээ онц байдал зарлаж, иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: AFP