Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Исламистуудын болзошгүй халдлагын улмаас Вена хотод төлөвлөсөн Тэйлор Свифтийн тоглолт цуцлагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Аюулгүй байдлын шалтгаанаар Вена хотод болохоор төлөвлөж байсан Америкийн поп од Тэйлорт Свифтийн тоглолтууд цуцлагдсаныг зохион байгуулагчид нь өчигдөр зарлажээ.

Уг тоглолт энэ долоо хоногийн Пүрэв, Баасан, Бямба гарагуудад Эрнст Хаппелын стадионд зохион байгуулагдах байсан юм.

Австрийн нийслэлд болох томоохон олон нийтийн арга хэмжээний үеэр халдлага зохион байгуулахаар төлөвлөж байсан гэж сэжиглэгдсэн хоёр хүнийг тус улсын хууль сахиулагчид өчигдөр буюу Лхагва гарагт баривчилжээ.

“Эрнст Хаппел стадионд террорист халдлага үйлдэхээр төлөвлөж буйг засгийн газрын албан тушаалтнууд баталж байгаа тул иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс бид төлөвлөсөн гурван тоглолтоо цуцлахаас өөр аргагүй байдалд хүрлээ” гэж зохион байгуулагчид нь мэдэгдсэн байна.

Тоглолтын тасалбарын төлбөрийг ажлын 10 өдрийн дотор буцааж шилжүүлэхээ бас мэдэгджээ.

Лхагва гарагийн өглөө Доод Австри мужийн Терниц хотоос 19 настай залууг баривчилснаа Австрийн нийгмийг аюулаас хамгаалах газрын захирал Франц Руф өмнө нь мэдэгдэж байв.

Үдээс хойш хоёр дахь сэжигтнийг Вена хотоос баривчилжээ.

“Мөрдөн байцаалтын явцад тэд интернэтээр дамжуулан радикал үзэл сурталд автсан хүмүүс байсныг тогтоосон” гэж Руф хэлсэн юм.

Тухайлбал 19 настай сэжигтэн нь долдугаар сарын эхээр Исламын Улс зэвсэгт бүлэглэлд үнэнчээ илэрхийлж, тангараг өргөсөн нь тогтоогджээ.

Терниц хот дахь түүний гэрт нэгжлэг явуулах үеэр ойр орчмын айлуудыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Энэ нэгжлэгийн үеэр химийн бодис олдсоныг шинжилж байгаа тухай Руф мэдээлжээ.

Вена хотын цагдаагийн газрын дарга Герхард Пюрстлийн ярьснаар Тэйлор Свифтийн тоглолтыг 65,000 орчим хүн үзэж, стадионы гадна 22,000 орчим шүтэн бишрэгч цуглах тооцоо гарсан юм байна.

 

Эх сурвалж: BBC