Казахстан улс энэ удаагийн олимпоос одоогоор нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд буй. Түүнчлэн бокс, сонгомол бөхийн төрөлд медаль нэмэгдэх нь ойлгомжтой болсон.
Тодруулбал жүдогийн төрлөөр Елдос Сметов алт, Гусман Кыргызбайев хүрэл, гимнастикийн төрөлд Нариман Курбанов мөнгө, буудлагын хийн урт бууны 10 метрийн дасгалд хүрэл медаль хүртсэн бол боксоор Нурбек Оралбай, сонгомол бөхөөр Демеу Жадраев нар мөнгөн медалийн болзол хангаад байна.
Тэгвэл Казахстаны жүдогийн баг тамирчид нутагтаа очжээ. Жүдогоор улсынхаа анхны алтан медалийн эзэн болсон Елдос Сметовт "Lexus LX 600 SUV" загварын автомашин, төрөлх нутаг Таразд нь таван өрөө байр, 5,500 ам.доллар гардуулжээ. Мөн олимпын алтан медаль хүртсэн тамирчинд Засгийн газраас нь 250,000 ам.долларын урамшуулал өгч буй билээ.
Казахстанд олимпын алтан медаль хүртсэн тамирчинд сар бүр 369,000 тенге буюу ойролцоогоор 758 ам.долларын тэтгэмж өгдөг. Гэхдээ улсад 20 жил ажилласных нь дараа уг тэтгэмжийг өгөх хуультай аж. Үүгээр ч зогсохгүй орон нутгийн нэгэн баян эр шинэ аваргад хурдан удмын 100 адуу бэлэглэхээ мэдэгджээ.
Мөн олимпын аваргын багш Галымжан Жылгилдевт хоёр өрөө байрны түлхүүр гардуулав.
Олимпын хүрэл медаль хүртсэн жүдоч Гусман Кыргызбайевийг ч байлахаа тэд мартсангүй. Батлан хамгаалах яамны харьяа тамирчин тул дэд ахлагчаас ахлагч цолтой болж ахижээ. Түүнчлэн "Toyota Land Cruiser-250 SUV" автомашинаар шагнасан байна. Засгийн газраас түүний амжилтыг үнэлж 75,000 "ногоон"-оор урамшуулна.
Казахстаны Аялал Жуулчлал, Спортын Яамнаас олимпын алтан медальтныг $250,000, мөнгөн медалийг $150,000, хүрлийг $75,000 өгөхөө амласан юм. Үүгээр ч зогсохгүй шагналт байранд орсон тамирчдад $5,000-$30,000-ыг өгөхөө мэдэгдсэн билээ.
Казахстан Улс олимпын наадмаас нийт 18 алтан медаль хүртээд байна. Тус улс 1996 оноос хойш олимпод тусдаа оролцох болсноос хойш багадаа нэг алтан медальтай ирдэг байсан ч гурван жилийн өмнө "Токио 2020"-д нэг ч алт авч чадаагүй юм.
Эх сурвалж: The Times of Central Asian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!