Тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг X сошиал платформ өчигдөр хэд хэдэн том компани болон зар сурталчилгааны байгууллагуудын эсрэг шүүхэд гомдол гаргажээ.
Unilever, Mars, CVS Health зэрэг компаниуд болон World Federation of Advertisers зэрэг байгууллагуудыг санаатайгаар хуйвалдаж, зар сурталчилгаагаар хааж боосны улмаас компанийг нь алдагдалд оруулсан гэж шүүхэд хандсан шалтгаанаа тайлбарласан байна.
“Бид эв найрамдалтай байхыг хоёр жил хичээлээ. Одоо дайтах цаг болсон” гэж Илон Маск өчигдөр Х хуудсандаа бичжээ.
2022 онд Твиттер нэртэй байсан Х платформыг Илон Маск худалдаж авсны дараа зар сурталчилгаанаас олдог орлого нь эрс багассан гэдэг.
Үүний шалтгааныг Маскийн эзэмшлийн платформд контентын бодлого, хяналт суларч, зүй бус үг хэллэг, хүчирхийлэл, антисемитист, нацист үзэлтэй агуулга нэмэгдсэнтэй холбодог юм.
Маск компанийг худалдаж авсныхаа дараа контентын хяналтын нэгжийг татан буулгаж байв.
Х платформд контентын хяналт суларсныг судалгааны олон байгууллага баталдаг. Тэдгээрийн нэг болох Media Matters компанийн эсрэг Маск бас зарга үүсгээд байгаа ба шүүх хурал нь 2025 оны дөрөвдүгээр сард товлогдсон байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!