Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРИС 2024: "Golden Slam"-ын шинэ гишүүн Новак Жокович

Т.Цэлмэг, IKON.MN
2024 оны 8 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Ч.Ганбат

Талбайн теннисийн дөрвөн Их Дуулгад түрүүлсэн тамирчин тийм ч олон байдаггүй. Тэгвэл ганцаарчилсан төрөлд дөрвөн Их Дуулгад түрүүлснээс гадна олимпын алтан медальтай бол "Golden Slam" клубийн гишүүн гэдэг билээ. 

Ийм амжилтыг хамгийн анх 1988 онд Германы теннисчин Стефи Граф үзүүлж байв. Гэхдээ тэр энэ бүгдийг ганцхан жилд үзүүлсэн гэдгээрээ бусдаас онцлог. Түүний дараа нэрт теннисчний ирээдүйн нөхөр АНУ-ын тамирчин Андре Агасси 1999 онд Францын нээлттэй тэмцээнд түрүүлснээр хоёр дахь гишүүнээр нь элссэн юм. 

Испанийн нэрт теннисчин Рафаэль Надаль 2010 онд Америкийн Их Дуулгад түрүүлснээр энэ жагсаалтад нэмэгдсэн бол АНУ-ын тамирчин Серена Уильямс 2012 онд Лондоны олимпод түрүүлснээр "Golden Slam"-ын гишүүн болсон дөрөв дэх теннисчин, хоёр дахь эмэгтэй нь болж байв.

Энэ жагсаалтад нэмэгдэх боломжтой дараагийн хүн нь Сербийн Новак Жокович. Түүнд Их Дуулгын 24 түрүү (бүх Их Дуулгад гурав ба түүнээс дээш түрүүлсэн), чансааны 1,000 оноо өгдөг мастерс ангиллын есөн тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн, Дэвисийн цом, оны сүүлд болдог дэлхийн шилдэг найман теннисчний халз тулаан болох "ATP FINALS"-ын долоон түрүү байдаг ч ганц олимпын алтан медаль дутуу байлаа.

Серби эр 21 насандаа анхны олимпод оролцсон. Тэр жил хагас шигшээд гол өрсөлдөгч Р.Надальд ялагдсанаар "дөнгөж" хүрэл медаль хүртэж байв. 

Гэвч Лондоны олимпод Их Британийн Энди Мөррэй, Аргентинийн Хуан Мартин Дел Потрод дараалан ялагдсан бол Риод түрүүлэх мөрөөдлөө биелүүлэхэд нь өнөөх Хуан Мартин Дел Потро эхний даваанд саад болж байв. Гурван жилийн өмнө Токиогийн талбайд Германы Александер Зверев, Испанийн Пабло Каррено Бустад дараалан хожигдоод медальгүй хоцорсон түүхтэй.

Тэгвэл энэ жил 37 настай Н.Жоковичийг олимпод түрүүлнэ гэдэгт итгэлтэй хүн тийм ч олон байсангүй. Он гарснаас хойш Их Дуулга тэмцээнд байтугай нэг ч цом нэмж аваагүй серби эр олимпоос хэдхэн сарын өмнө өвдөгний хагалгаанд орсон. Энэ жилийн Францын нээлттэй тэмцээнд өрсөлдөж байхдаа авсан бэртлийнхээ улмаас хагалгаанд орох ёстой болсон юм. 

Ийм нөхцөлд түүнийг үргэлж бүтэлгүйтдэг олимпоос медаль авна гэдэгт эргэлзэх хүн цөөнгүй байв. Тэр тусмаа алтан медаль авна гэдэг тун хэцүү даваа байлаа. 

зураг
 

Тэмцээний турш өвчин намдаагч ашигласан серби теннисчин хоёрдугаар тойрогт өөрийн гол өрсөлдөгч Р.Надалийг хожсон бол шөвгийн наймд Грекийн Стефанос Циципасыг, хагас шигшээд Италийн Лорензо Мусситиг, шигшээд Испанийн залуу од Карлос Алькаразыг буулгаж авснаар мөрөөдлөө биелүүлсэн юм.

Энэ удаагийн олимпод Серби Улс хоёр алтан медаль хүртсэн. Буудлагын 10 метрийн хийн гар бууны холимог багийн дасгалд тус улсын баг анхны алтан медалиа хүртсэн бол теннисийн төрөлд мөн анхны алтаа авлаа.