Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нислэгийн үеийн доргилт сэгсрэлт нэмэгдсэний улмаас Korean Air бэлэн гоймонгоор үйлчлэхээ зогсооно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээвэрлэгч Korean Air компани наймдугаар сарын 15-наас эхлэн онгоцны бүхээгт бэлэн гоймонгоор үйлчлэхээ зогсоохоор болжээ.

Сүүлийн жилүүдэд нислэгийн үеэр онгоцонд доргилт, сэгсрэлт түгээмэл тохиолдож, бага орон зайд олуулаа зэрэгцэн суусан зорчигчдын дунд бэлэн гоймонгоос шалтгаалан “түлэгдэх эрсдэл” нэмэгдсэн тул ийм шийдвэр гаргаснаа тайлбарласан байна.

Харин бизнес болон нэгдүгээр ангиллын зорчигчдод үйлчилгээ хэвийн үргэлжлэх ажээ.

Korean Air компанийг бусдаас ялгаруулдаг, зорчигчдын талархлыг хүлээдэг үнэ төлбөргүй нэг үйлчилгээ нь бэлэн гоймон байсан юм. Алсын нислэгээр зорчиж буй хэн ч үүнийг захиалах боломжтой байдаг.

2019 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нислэгийн үеэр онгоцонд тохиолддог доргилтын тоо хоёр дахин нэмэгдсэнийг Korean Air мэдэгдэлдээ дурджээ.

Тус компани бэлэн гоймонг одоо сэндвич, корн дог, пицца зэргээр орлуулахаар болсон байна.

 

Эх сурвалж: BBC