Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Наймдугаар сарын эхэнд төв, зүүн аймгуудын нутгаар аадар бороо орж, цаашдаа халах төлөвтэй байна

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 7 сарын 30
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч Б.Жаргалан мэдээллээ. 

Наймдугаар сарын цаг агаарын олон жилийн дундаж /ОЖД/ үзүүлэлт 

  • Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-12 градус дулаан. Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн бүс нутгаар 20-24 градус дулаан байдаг бол бусад нутгаар 12-20 градус дулаан байдаг. 
  • Хур тунадас: Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг болон Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 60-100мм, Их нууруудын хотгор, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг болон Өмнөговийн баруун хэсгээр 10-20 мм бороо ордог бол бусад нутгаар 20-60мм бороо ордог байна. 

Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв: 

Агаарын температур: Баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв ажиглагдаж байгаа бол говь болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дундаж орчим байх төлөвтэй байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагастаа буюу баруун аймгуудын нутгийн ихэнх хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нутгийн зүүн хагастаа буюу говь, төв зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу бороо орох төлөв гарчээ. 

Тодруулбал наймдугаар сарын эхэнд буюу 1, 2-ны үеэр төвийн бүс нутгаар, 2,3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиу хэмжээний бороо зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. 

Цаашдаа буюу нэгдүгээр 10 хоногийн дундаас хоёрдугаар 10 хоногийн дунд үе хүртэл ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-6 градусаар дулаан буюу зарим өдрүүдэд 30 градус давж халах төлөв ажиглагдаж байгаа юм байна. 

Баруун аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна.

  • Агаарын температур: Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С–аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–5°С–аар дулаан байх төлөвтэй байна.
  • Хур тунадас: Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэж болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Хөвсгөлийн баруун, Архангайн ихэнх хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. 

Зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Хэнтийн ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орох төлөвтэй байна.

  • Агаарын температур:  Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн дунд үе хүртэл ихэнх нутгаар ОЖД–аас 1–6°С–аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 300С-ыг давж халах төлөвтэй байна.
  • Хур тунадас: Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэж болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар

  • Агаарын температур: нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар 10 хоногийн дунд үе хүртэл ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-6 градус дулаан зарим өдрүүдэд өдөртөө 30 градус давж халах төлөв ажиглагдаж байна. 
  • Хур тунадас: Хоёрдугаар 10 хоногийн сүүл гуравдугаар 10 хоногийн эхэн үе дээр ахиухан хэмжээний бороотой байх төлөвтэй байгаа бол гуравдугаар 10 хоногийн дунд үеэр зарим газраар бага зэргийн бороотой байх төлөвтэй байна.