“Жаст”-ын Ш.Батхүү эрүүл мэндийн шалтгааны улмаас Цагдан хорих төвөөс Клиникийн нэгдсэн төв эмнэлгийн Дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт цагдаа нарын хяналтад хэвтэн эмчлүүлж байгаа билээ.
Түүнийг гадны хүнтэй болон ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа гэх мэдээлэл цацагдаж байсан ч түүнтэй ар гэрийнхэн нь чөлөөтэй уулзаж байгаа гэж эх сурвалж мэдээлж байв.
Ш.Батхүүг хуурамч гарын үсэг бүрдүүлж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө завшиж, “Эрдэнэт” үйлдвэрийг хохироосон гэх хэргээр буруутгаж байгаа юм.
Хамгийн гол нь тэрбээр энэ хэргийг ганцаараа хийгээгүй бөгөөд цаана нь улстөрийн томоохон эрх мэдэлтэй хүмүүс байгаа төдийгүй Ш.Батхүүг зөвхөн гар, хөлөө болгосон гэх хардлага, сэрдлэг ч байгаа юм. Харин Ш.Батхүүгийн хувьд “Одоохондоо юм ярихгүй ээ. Тэгж байгаад цаг нь болохоор би өөрөө дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэж ярьсан хэмээн зарим эх сурвалжууд хэлж байсан.
Тэгвэл хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчаас зөвшөөрөл авч хэн нэгэн уулзах боломжтой байгаа аж. Өөрөөр хэлбэл гурван цагдаагаар харгалзуулж байгаа Ш.Батхүү хорих ангид үйлчилдэг бусад дүрэм, журмаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ч хэн нэгэн хүсвэл түүнтэй уулзаж болох гэнэ.
Ямартай ч одоогоор түүн дээр зөвхөн ар гэрийнхэн нь эргэлтээр очиж байгаа аж. Харин зарим эх сурвалжууд түүний хэрэгт холбоотой гэх нөлөө бүхий улстөрчид түүнээс зайгаа барьж хамаг л байдаг хэргээ үүрүүлэх сонирхолтой байгаа юм билээ.
Ямартай ч энэ удаа Ш.Батхүү хэргээ задалж маш олон хүнийг хөлдөө чирэх нь ойлгомжтой боллоо гэж зарим нэг улстөрчид хэлж байсан. Ер нь Ш.Батхүүг өнгөрсөн хугацаанд ийнхүү чимээгүй байсныг нь хүмүүс янз бүрээр ойлгон ярьж байсан.
Түүнчлэн хэрэгт хамааралтай хүмүүс түүнийг ятгасан гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь Ш.Батхүүг хэргээ ганцаараа үүрч, харин ч цагаатгах ажилд нь “бид гар бие оролцоно” хэмээн хэлсэн байх гэж таамаг дэвшүүлцгээж байв.
Үнэхээр Ш.Батхүү хэргээ задалж, үнэн мөнийг илчлэх аваас нэлээн том шуугиан дэгдэх нь ойлгомжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!