ОХУ-ын өмнөд хязгаарын Краснодар хотод өчигдөр иргэд удаан үргэлжилж буй эрчим хүч, цэвэр усны тасалдлыг шийдвэрлэхийг эрх баригчдаас шаардан жагссан байна.
Нийтдээ 200-300 орчим хүн уг арга хэмжээнд оролцсон нь сөрөг хүчний дуу хоолойг хатуу цагддаг тус улсын хувьд ховор үзэгдэл байлаа.
Цуглаанд оролцогчид Краснодар хотын хойд дүүргийн гол гудамжийг хаасан байна.
Тэдний гомдоллож байгаагаар энэ зун тус хотын эрчим хүчний хангамж эхэндээ долоо хоногийн нэг өдөр тасалддаг болжээ.
Дараа нь долоо хоногт гурван удаа болж нэмэгдсэн бол одоо өдөр бүр 12-15 цаг тасалддаг болсон гэнэ.
Краснодарын эсэргүүцлийн цуглаан тайван болж өнгөрсөн ч хууль хүчнийхэн хоёр хүнийг баривчилсан тухай Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
Эсэргүүцлийн цуглаан болсон газарт Краснодар хотын захирагч Евгений Наумов цагдаагийн хүч болон үндэсний гвардын бие бүрэлдэхүүнтэй хамт очсон байна.
Энэ үеэр тэр эрчим хүч, цэвэр усны хангамжийг сайжруулах амлалтыг иргэдэд өгчээ.
Хөрш бүс нутгуудаас авдаг эрчим хүчний нийлүүлэлт хязгаарлагдсан, Оросын өмнөд хязгаарт агаарын хэт халалт үргэлжилж байгаагийн улмаас ачаалал эрс нэмэгдсэн зэрэг шалтгаанаар зайлшгүй тасалдал үүсэх болсныг Краснодар мужийн эрх баригчид энэ долоо хоногийн эхээр мэдэгдэж байв.
Тухайлбал Краснодар мужид сүүлийн өдрүүдэд агаарын температур Цельсийн 40 хэмээс буухгүй байгаа.
“Краснодарын хязгаарт агаарын ер бусын халалт долоо хоног орчим үргэлжилж байна. Эрчим хүчний системийн ачаалал ноцтой хэмжээнд хүрсэн. Цахилгааны тасалдал оршин суугчдыг бухимдуулж байгааг би ойлгож байна” гэж Краснодар мужийн захирагч Венямин Кондратев сошиал хуудсандаа бичжээ.
Долдугаар сарын 16-ны өдөр Оросын өмнөд хязгаарын эрчим хүчний хэрэглээ түүхэн дээд хэмжээндээ хүрснийг орон нутгийн оператор компани мэдээлж байв.
Үүний маргааш Оросын цөмийн эрчим хүчний оператор Росэнергоатом компани Ростовын Цөмийн Цахилгаан Станцын нэг нэгжийг унтрааснаа зарлаж байжээ.
Үүний улмаас өмнөд Орос болон Крымийн хойгийн нэг сая орчим хүн гэрэл цахилгаангүй болсон юм.
Сүүлд Росэнергоатом унтраасан нэгжийг буцааж ажиллуулсан ч шалтгааныг тодорхой тайлбарлаагүй байна.
Ростовын Цөмийн Цахилгаан Станц нь нийт 4,000 мегаваттын хүчин чадалтай дөрвөн нэгжээс бүрддэг.
Уг станц Дон мөрний зүүн эрэгт, Волгодонск хотын ойролцоо, нийслэл Москва хотоос өмнө зүгт 1,100 км зайд оршдог юм.
Дайн эхэлснээс хойш Оросын арми Украины эрчим хүчний дэд бүтэц, байгууламжуудад тасралтгүй довтлох болсон. Үүний хариуд Украины тал Оросын зэвсэгт хүчинд үйлчилдэг газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг агаарын цохилтын бай болгох болсон юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!