Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

CrowdStrike компанийн программын доголдол Windows системтэй 8.5 сая компьютерт нөлөөлснийг Майкрософт мэдэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт кибер аюулгүй байдлын CrowdStrike компанийн программын алдаатай шинэчлэлтийн улмаас дэлхий даяар олон мянган нислэг зогсож, банкны төлбөр тооцоо, эрүүл мэндийн үйлчилгээнүүд саатсан нь олон сая хүний ажил, амьдралд нөлөөлсөн билээ.

CrowdStrike-ийн бүтээгдэхүүнийг ашигладаг Майкрософтын Windows үйлдлийн системтэй компьютеруудад энэ тасалдал голлон нөлөөлсөн юм.

Тэгвэл өчигдөр Майкрософт компани энэхүү тасалдлын улмаас дэлхий даяар Windows системтэй 8.5 сая компьютерын ажиллагаа зогссоныг мэдээлжээ.

Энэ нь нийт Windows компьютерын 1 хүрэхгүй хувь боловч CrowdStrike-ийн программыг томоохон компаниуд үйл ажиллагаандаа ашигладгийг тооцвол нийгэмд үзүүлэх нөлөө нь асар их болохыг Майкрософтын дэд ерөнхийлөгч Дэвид Уэстон тайлбарласан байна.

“Технологийн экосистемд оролцож байгаа бүх механизмыг аюулгүй шинэчилж, гамшгийн үед шуурхай сэргээх чадварыг сайжруулах нь ямар чухал болохыг энэ үйл явдал санууллаа” гэж тэр бичжээ.

Энэ удаагийн тасалдлыг түүхэнд “хамгийн том” гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

Өмнө нь технологийн гэмтэл саатал гарч байсан ч цар хүрээний хувьд энэ хэмжээнд хүрч байгаагүй юм.

Тухайлбал 2017 онд тохиосон WannaCry кибер халдлагад дэлхийн 150 улсын 300,000 компьютер өртөж байжээ.

Үүнээс нэг сар орчим хугацааны дараа ойролцоо хэмжээний хохиролтой NotPetya гэгдэх халдлага гарч байв.

 

Эх сурвалж: BBC