Африк тивийн хамгийн баян хүн гэгддэг Нигерийн бизнесмэн Алико Данготе хилийн чанадад ямар ч үл хөдлөх хөрөнгө эзэмшдэггүйгээ ярьж, нутаг нэгтнүүдээ гайхшируулсан байна.
Ням гарагт хэвлэлд өгсөн ярилцлагадаа 66 настай Данготе ердөө хоёр үл хөдлөх хөрөнгөтэй ба тэдгээрийн нэг нь төрөлх Кано хотод байдаг, нөгөө нь Нигерийн хамгийн том хот Лагост байдаг тухай мэдээлжээ.
Харин нийслэл Абужа хотод очих тохиолдолд түрээсийн орон сууц ашигладаг гэнэ.
Форбс сэтгүүл энэ оны нэгдүгээр сард Африк тивийн хамгийн баян хүнээр Данготег 13 дахь жилдээ дараалан тодруулсан юм.
Өнгөрсөн онд түүний хөрөнгийн хэмжээ $400 гаруй саяар арвижиж, $13.9 тэрбумд хүрсэн байна.
Данготе цемент, чихрийн бизнесээр хөрөнгөжсөн хүн юм. Тэрбээр өнгөрсөн онд Нигерийн санхүүгийн төв Лагос хотод газрын тосны үйлдвэр нээжээ.
Данготегийн үл хөдлөх хөрөнгийн тухай мэдээлэл Нигерийн иргэдийг гайхшируулсан байна.
Учир нь тус улсын ихэнх баячууд Лондон, Дубай, Атланта зэрэг гадаадын хотуудад өндөр үнэтэй тансаг үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг.
“Нигерийн аж үйлдвэржилтийг хөгжүүлэх ганцхан зорилготой тул надад Лондон, эсвэл Америкт ямар нэг байр сууц байдаггүй. Би Нигерийг хөгжүүлэх мөрөөдөлдөө маш үнэнч хүн. Хэрвээ би гадаадад амьдардаг бол ард түмнийхээ төлөө ямар нэг зүйл хийж бүтээхэд бүрэн төвлөрч чадахгүй” гэж тэр тайлбарлажээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!