Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Изинис Эйрвэйз” компанийн гүйцэтгэх захирал Д.Оюундэлгэр: Прага руу долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэнэ

ikon.mn
2024 оны 7 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

“Изинис Эйрвэйз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Оюундэлгэртэй ярилцлаа.

-Танай компани Чех улсын Прага хот руу тогтмол нислэг үйлдэж эхлэх гэж байгаа юм байна. Нислэг нь хэзээнээс эхлэх вэ?

Долдугаар сарын 10-наас буюу өнөөдрөөс эхэлнэ. Долоо хоногийн лхагва, бямба гарагуудад хуваарьт нислэг үйлдэнэ.

-Прагыг сонгосон шалтгаан, ач холбогдлыг сонирхуулаач?

Прага хотыг сонгох болсон хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт Чех улс Европын төвд оршдог, Европын холбоонд Монгол улсын иргэд хамгийн ихээр суурьшиж байгаа улс. Сүүлийн статистик мэдээллээр 13 мянга орчим Монгол улсын иргэн энэ улсад ажиллаж амьдарч байна. Үүнээс 2000 орчим оюутан суралцдаг. Хөрш зэргэлдээ Европын бусад улс орнуудад, тодруулж хэлбэл Унгарт 6000-7000 Монгол иргэн ажиллаж, 2000 орчим оюутан суралцаж байна. Польш улсад мөн энэ хэмжээний Монголчууд амьдарч, суралцдаг. Швед улсад 10000 гаруй иргэд ажиллаж амьдарч байна гэх мэт. Дараагийн  шалтгаан бол Чех улс нь өөрөө аялал жуулчлалын маш том бүс. Азийн улс орнуудаас эхлэлтэй энэ улсыг чиглэсэн аялал жуулчлалын маш том урсгал байна. Хоёр улсын тухайд хоорондоо уламжлалт эдийн засаг, нийгэм, соёлын харилцаатай байсан. Энэ нь сүүлийн жилүүдэд эрчимтэй идэвхжиж байна. Иймд, агаарын шууд харилцааг нээснээр Европын холбоо, тэр дундаа Чех улсад ажиллаж амьдарч байгаа иргэд маань хялбар, дөт, хямд байдлаар эх орондоо зорчих, мөн хоёр улсын хооронд эдийн засаг, аялал жуулчлал, гадаад худалдаа, аж үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагаа, харилцаа өргөжихөд чухал ач холбогдолтой гэж харж байна.

-Монгол, Чех улсын хооронд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ч эерэг нөлөөтэй шийдвэр болж байгаа юм байна даа...?

Тийм шүү. Чех улс бол аж үйлдвэржсэн том эдийн засагтай улс. Манай хоёр улсын хооронд бизнес, үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цөөнгүй аж ахуйн нэгж бий. Манай улсаас гэхэд “Алтан тариа” тэргүүтэй компаниуд байна. Чех улсаас Монголд дэд бүтэц, үйлдвэрийн автоматжуулалтын чиглэлд цөөнгүй төсөл хэрэгжүүлдэг юм билээ. Газар зүйн байршлын хувьд Чех, Монгол улс аль аль нь далайд гарцгүй онцлогтой. Тэр утгаараа хоёр улсын хооронд агаарын харилцаа бий болно гэдэг эдийн засаг, геополитикийн агуулгаараа ач холбогдолтой.

-Далайд гарцгүй хоёр улс агаараар харилцаж эхэлсэн нь эдийн засаг талдаа тун эерэг үйл явдал яалт ч үгүй мөн л дөө. Гуравдагч хөршийн харилцаа талаас харсан ч том үйл явдал байна?

Тантай санал нэг байна. Салбарын хувьд хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч анх удаа алсын зайн хуваарьт нислэг эхлүүлж байна. Бид Улаанбаатараас ОХУ дээгүүр 8 цаг орчим нисээд Прагад хүрнэ. Чех улсаас Зүүн Өмнөд Ази руу чиглэсэн шууд агаарын харилцаа яг одоо байхгүй байна. Изинис Эйрвэйз нь Korean Air, Eva Air зэрэг агаарын тээвэрлэгчдийн дараа Ази, номхон далайг Чех улстай шууд холбож байгаа гурав дахь агаарын тээвэрлэгч болж байна. Энэ нь олон улсын агаарын тээврийн транзит урсгал буюу салбарын хэллэгээр 6 дугаар эрхийн зорчигч тээвэрлэлтийг Монгол улсаар дамжуулан өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэртэй. Энэ хүрээнд бид 2024 оны гурав, дөрөвдүгээр улиралд Вьетнамын Хо Ши Мин хот руу хуваарьт нислэг эхлүүлэхээр ажиллаж байна. Сонирхуулж хэлэхэд Чех улсад 100 мянга гаруй Вьетнам улсын иргэд ажиллаж  амьдардаг юм байна билээ.

зураг
 

-Оны сүүлээр Вьетнамын Хо Ши Мин хот руу байнгын нислэг үйлдэнэ гэсэн үг үү?

Тийм. Алсын зайны нислэгийг тогтвортой, эдийн засгийн хувьд үр ашигтай байлгахын тулд 6 дугаар эрхийн зорчигч тээвэрлэлтийг өргөжүүлэх нь маш чухал. Үүнд чанадын зах зээлд анхаарал хандуулах  шаардлагатай.  

-Өмнө нь зорчигчид Чех улс руу аль улсаар дамжин нисдэг байсан бэ?

Сөүл, Станбул, Франкфурт, Бээжин гэх мэт хотуудаар дамжиж байна.

-Зорчигчдын хувьд эдийн засаг, цаг хугацааны хэмнэлт гарах нь ээ...?

Цаг хугацаа, эдийн засгийн хувьд хамаагүй дөхөм, эерэг үр дүн гарна.

-Прага руу, бүр цаашлаад Европ руу аялах иргэдэд сайн мэдээ байна?

Тийм шүү. Прагаас 70 орчим агаарын тээвэрлэгч Европын 165 хот руу хуваарьт нислэг үйлдэж байна. Чех улс нь өөрөө аялал жуулчлалын цэг учраас Европын маш олон хямд өртгийн агаарын тээвэрлэгч Прага олон улсын нисэх буудал руу өндөр давтамжтай хуваарьт нислэг үйлддэг.  “Прага эйрпорт” бол  хямд өртгийн агаарын тээвэрлэгчдийн зангилаа гэдгээрээ онцлогтой. Тэгэхээр Франкфурт, Станбул гэх мэт уламжлалт дамжин өнгөрдөг цэгүүдээс гадна зорчигчдод хямд дөт дамжин өнгөрөх боломж Прагаар бий болж байна.

-Прага гэхээр Богемийн түүхэн нийслэл, Ромын эзэнт гүрний эзэн хааны оршин сууж байсан хот, IV Карлын үед Европ дахь улс төр, соёлын төв байсан газар, Чех, Герман, Еврейн соёлууд олон зууны турш уулзаж асан нутаг гэх мэт олон содон тодотгол санаанд бууж байна. Жилд хэчнээн сая жуулчин очдог билээ?

Алтан Прага гэж хэзээнээсээ алдартай энэ хотын тухайд Европын хамгийн олон жуулчин очдог арван хотын нэг. Жилд таван сая гаруй гадаадын жуулчин хүлээн авдаг гэсэн тоо байдаг юм билээ. Манай хөрш Хятадаас гэхэд л нэг жилд 700, 800 мянган жуулчин Чех рүү аялж байна. Солонгосоос гэхэд л хагас сая жуулчин Чехийг зорьдог. Нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд Чех улс эмчилгээний аялал жуулчлал өндөр хөгжсөн газар. Халуун рашаан олонтой гэдэг утгаараа ардын эмчилгээ сонирхогчид олноороо зорьдог.

-Манайхаас Чех рүү ажиллахаар явах урсгал их байдаг. Жил бүр хэчнээн хүн ажиллах зорилгоор Чехийг зорьдог бол?

Жил бүр жуулчдаас гадна 3000 хүн Чехийг зорьдог юм билээ. Чехийн хувьд хүнд үйлдвэр хөгжсөн улс. Хоёр улсын засгийн газар хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу ажилтан солилцоогоор явдаг юм байна. Өмнө нь хэрэгждэг байсан оюутан солилцооны харилцаа бас идэвхжиж эхэлсэн. Жил бүр 200 гаруй оюутан Чехийг зорьдог гэсэн тоо бий.

-Танай компанийг Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны Аюулгүй Ажиллагааны Аудит шалгалтыг амжилттай давж гэрчилгээжсэн гэж сонссон. Ингэснээр танай компанид ямар давуу тал үүсэх вэ?

Бид өнгөрсөн 3 дугаар сард IATA-ны Аюулгүй ажиллагааны аудит буюу IOSA-д амжилттай шалгагдаж гэрчилгээ хүлээж авсан. Энэ аудитын ач холбогдол бол агаарын тээвэрлэгчийн нислэгийн аюулгүй ажиллагаа, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, аюулгүй байдлын удирдлага тогтолцоо зэрэг хяналтын системийг үнэлж шалгадаг олон улсын томоохон шалгалт юм. Үндэсний агаарын тээвэрлэгч Изинис Эйрвэйз компани нь энэ цогц үнэлгээг амжилттай давснаар нислэг-үйлдвэрлэл, аюулгүй ажиллагааны олон улсын стандарт, дүрэм журамд нийцсэн агаарын тээвэрлэгч болохоо батлан харууллаа. Үүний үр дүнд “Изинис Эйрвэйз” компани IATA-н гишүүнчлэл авсан Монголын хоёр дахь агаарын тээвэрлэгч болж IATA-ийн гишүүн 300 гаруй агаарын тээврийн компаниудтай коммерийн хамтын ажиллагааг өргөжүүлж тусгай тарифын гэрээ байгуулах, тээшийг эцсийн цэг хүртэл бүртгэх, аяллын дугаар хамтран эзэмших боломж бүрдэж байгаа бөгөөд нислэгийнхээ сүлжээг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой. Хамгийн анхны интерлайн гэрээг Hahn Air компанитай байгуулаад байна.

-Ярилцлагын төгсгөлд компанийнхаа сүүлийн үеийн ажлуудаас сонирхуулаач?

Дөрөвдүгээр улиралд буюу өвлийн цагийн хуваариас агаарын хөлгийн паркаа өргөжүүлэх тал дээр ажиллахын зэрэгцээ Хонгконгийн хуваарьт нислэгийг сэргээх, ОХУ, Вьетнам, Солонгос улс руу шинэ чиглэл нээхээр ажиллаж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.