Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын шүүх терроризмыг зөвтгөсөн хэргээр театрын захирал, жүжгийн зохиолч нарт хорих ял оноожээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Москва хотын цэргийн шүүх өчигдөр театрын захирал, жүжгийн зохиолч нарт “терроризмыг зөвтгөсөн” хэргээр тус бүр зургаан жилийн хорих ял оноожээ.

Захирал Евгения Беркович, зохиолч Светлана Петрийчук нар “Зоригт шонхор шувуу” нэртэй жүжгийг бүтээж, нийтэд үзүүлснийхээ төлөө ийм шийтгэл хүлээсэн байна.

Уг жүжигт Исламын Улс бүлэглэлийн гишүүнтэй гэрлэхээр Сири улсыг зорьсон орос эмэгтэйн бодит түүхийг өгүүлдэг ажээ.

Хорих ялаас гадна хоёр эмэгтэй суллагдсанаасаа хойш гурван жилийн хугацаанд “вэб сайт ажиллуулахыг хориглох” шийтгэл хүлээсэн байна.

Прокурорууд тэднийг уран бүтээлдээ олон улсын террорист байгууллагыг эергээр харуулсан гэж буруутгажээ.

Харин 39 настай Беркович, 44 настай Петрийчук нар эсрэгээрээ терроризмын аюулыг сэрэмжлүүлсэн гэж шүүх хурлын үеэр бүтээлээ өмгөөлсөн байна.

Эмэгтэйчүүдийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.

Зарим хүмүүс уг шийтгэл нь жүжигтэй шууд холбоогүй, Беркович өмнө нь Украины дайныг шүүмжилсэн агуулгатай шүлэг бичиж байсантай холбоотой байх магадлалтай гэж үзэж байна.

Оросын урлаг соёлын хэд хэдэн зүтгэлтэн, сэтгүүлчид зэрэг хүмүүс 2023 оны тавдугаар сараас хойш хоригдож байгаа хоёр эмэгтэйг шийтгүүлэхгүйн төлөө тэмцэж байлаа.

Тэдний жүжиг 2020 онд анх нээлтийн тоглолтоо үзүүлж, “Golden Mask Theatre Awards” наадмаас шилдэг зохиол, шилдэг хувцас загварын шагналуудыг хүртэж байжээ.

 

Эх сурвалж: BBC