Уншиж байна ...

АНУ-ын ерөнхийлөгч оройн 8:00 цагаас хойш ажлаа зогсоож, ахиу унтаж амрахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт Ардчилсан Намаас сонгогдсон мужийн захирагч нартай Цагаан ордонд уулзахдаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ажил, амьдралын шинэ хуваариа танилцуулсан тухай хэвлэлүүд өчигдөр мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээн Байдены хувьд том цохилт болсон юм.

Тэрбээр мэтгэлцээний үеэр индэр дээр үүрэглэж, ухаан санаа нь самуурсан байдалтай байлаа.

Энэ байдал 81 настай Байден дахин дөрвөн жил АНУ-ыг удирдаж чадах эсэхэд эргэлзсэн хүмүүсийн тоог нэмсэн юм.

20 гаруй мужийн захирагчтай уулзахдаа Байден өөрийгөө Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трампыг ялж, улс орноо дахин дөрвөн жил удирдах чадвартайгаа батлан харуулахыг зорьсон бололтой.

Энэ үеэр тэр ухаан санаагаа саруул байлгаж, эрч хүчтэй ажиллахын тулд оройн 8:00 цагаас хойш ямар нэг ажил төлөвлөхгүй байж, ахиу цагаар унтаж, амарч байх болсноо ярьсан тухай тэнд байсан эх сурвалжууд мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн мэтгэлцээний өмнө Байден хоёр ч удаа Европын орнуудад аялсан тул цагийн зөрүүгээс үүдэлтэй нойр алдаж, ядарсан байснаа саяхан тайлбарласан юм.

Лхагва гарагт болсон уулзалтын талаар Цагаан ордон мэдээлэл өгөөгүй байна.

Байдены сонгуулийн штабын хэвлэлийн төлөөлөгч Кэвин Муноз “Ерөнхийлөгч Жорж Буш 9:00 цагт орондоо ордог байсан. Ерөнхийлөгч Обама оройн зоогоо 6:30 цагт барьдаг байсан. Ерөнхийлөгч нар ажил, амьдралын тэнцвэрээ ингэж хангадаг. Жо Байдены хувьд ч адил. Өдрийн хагасыг Truth Social сүлжээнд эдийн засгийн хямрал ярьж, үлдсэн хагасыг нь гольф тоглож өнгөрүүлдэг Дональд Трамптай адилгүй” гэж мэдэгджээ.

Мэтгэлцээнд тааруу үр дүнтэй оролцсоны дараа Ардчилсан Намын зарим хууль тогтоогчид, хандивлагчид Жо Байденыг сонгуулийн сунгаанаас нэрээ татаж, өөр нэр дэвшигчид боломж олгохыг уриалаад байгаа.

Гэхдээ Байдены оронд хэн ч нэр дэвшсэн Дональд Трамптай илүү хүчтэй өрсөлдөх баталгаа алга байна.

 

Эх сурвалж: CNN