Уншиж байна ...

Умард Солонгос телевизийн өргөн нэвтрүүлгийн цацалтаа Оросын хиймэл дагуулд шилжүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын дэглэм төв телевизийн өргөн нэвтрүүлгийн цацалтаа Хятадын хиймэл дагуулаас Оросын хиймэл дагуул руу шилжүүлснийг Өмнөд Солонгосын засгийн газрын төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.

Тухайлбал тус улсын төрийн албан ёсны суваг Солонгосын Төв Телевиз зургаадугаар сарын 20-ноос эхлэн Оросын Экспресс 103 хиймэл дагуулаар дамжиж эхэлсэн байна.

Өмнө нь Хятадын ChinaSat 12 хиймэл дагуулыг ашигладаг байжээ.

Үүний улмаас Өмнөд Солонгосын тал Даваа гарагаас эхлэн Умард Солонгосын телевизийн нэвтрүүлгийг үзэх боломжгүй болсон байна.

“Умард Солонгос өргөн нэвтрүүлгийн цацалтаа Хятадын хиймэл дагуулаас Оросын хиймэл дагуулд шилжүүлсэн. Үүний улмаас Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хүлээж авах боломжгүй болоод байна” гэж Сөүлийн албаны эх сурвалж мэдээлжээ.

Энэ нь Умард Солонгосын хэвлэл мэдээллийг хянадаг Өмнөд Солонгосын засгийн газрын яамд, агентлагуудын ажилд хүндрэл учруулсан байна.

Умард Солонгосын эрх баригчид хиймэл дагуулаа солих болсон шалтгаан тодорхойгүй байгаа юм.

ChinaSat 12 хиймэл дагуулаар нэвтрүүлэг цацах 15 жилийн гэрээг 2012 онд байгуулж байжээ. Тиймээс гэрээний хугацаа дуусах болоогүй байгаа юм байна.

Энэхүү алхам нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар зургаадугаар сарын 19-нд Пёнянд уулзсаны дараа хэрэгжиж байна.

Өмнөд Солонгосын төрийн албад, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Умард Солонгосын телевизийн нэвтрүүлгийг хиймэл дагуулаас хүлээн авч үздэг байжээ.

Харин энгийн иргэдэд хориотой байдаг юм.

 

Эх сурвалж: Yonhap News