“Дотоодын аялагчид наадмаар хашаа аялах вэ?” судалгааны үр дүнг танилцуулах хурал Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын хурлын танхимд өнөөдөр зохион байгуулагдав.
Энэ үеэр манай улсад ирсэн жуулчдын мэдээллийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Золбадрал хүргэлээ.
Тэрбээр хэлэхдээ "Өмнөх онтой харьцуулахад энэ жил жуулчдын тоо нэмэгдэж байгаа.
2024 оны эхний зургаан сард 300,000 гаруй жуулчин хүрэлцэн ирсэн нь өмнөх оноос 13 хувийн өсөлттэй байгаа юм.
Долдугаар сарын 1-ний өдөр Монгол Улс түүхэндээ нэг өдөрт хамгийн олон жуулчин хүлээн авсан. Тодруулбал нэг өдөрт 5,174 жуулчин хүрэлцэн иржээ.
2023 оны энэ өдөр 4,724 жуулчин авч байсан. Манай улсад Орос, Хятад, Солонгос, Япон улсаас жуулчид хамгийн их ирдэг" гэлээ.
Аялал жуулчлалын салбарт анхаарах асуудлын талаар "Наадмын тасалбартай холбоотой хэд хэдэн асуудал байна.
Наадмын нийт суудлын тоо 12,000 байсан бол 11,000 болж буурчээ. Өмнө нь аялал жуулчлалын салбар 5,000 тасалбарыг хувааж авч явж байсан. Харин энэ жил 2,200 тасалбар болсон.
Наадам бол манай зуны аялал жуулчлалын нэмэлт маш чухал хэсэг.
Зохион байгуулалтын хувьд хожимдсон шийдвэрүүд гаргасан. Аялал жуулчлалын салбарт 2,200 тасалбар хангалтгүй.
Тиймээс энэ асуудлаар Наадмын комисстой хэлэлцэж байгаа" гэв.
Түүнчлэн орон нутагт хог, бохирын асуудал тулгамддаг тул аялал жуулчлал хөгжсөн аймгуудад холбогдох санал хүсэлтээ илэрхийлсэн гэдгийг дурдсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!