Уншиж байна ...

"Тав хүртэлх насны хүүхдүүдийн 12.8 хувь нь дунд болон хүнд хэлбэрийн таргалалттай байна"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 7 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2023” үндсэн үзүүлэлтийн тархаалтын семинар өнөөдөр боллоо. 

Уг судалгаа нь таван жилд нэг удаа явагддаг бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага/НҮБ/-ын Хүүхдийн сан боон Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр хийсэн байна.

“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа" нь Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, хөгжил, хамгаалал, амьдралын нөхцөлийн талаарх тоон мэдээллийг эмхэтгэж, мэдээллийн санг баяжуулах зорилготой аж. 

Судалгаанаас Хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, өсөлт хөгжлийн талаар тус судалгааны дотоодын зөвлөх Ч.Цогтбаяр дараах мэдээллийг өглөө. 

Дархлаажуулалтын хувь буурчээ

Судалгаагаар гурав хүртэлх насны хүүхдийн суурь дархлаажуулалт 76.2%, бүрэн дархлаажуулалт 60.9%-тай гарсан байна. Энэ нь 2018 оны үзүүлэлтээс найм орчим хувиар буурсан үзүүлэлт аж. 

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд үр дүнгийн учир шалтгааныг тодруулдаггүй ч судалгааны багийнхан уг үр дүнг Ковид-19-тэй холбоотойгоор вакцинд итгэх итгэл нь буурсан байж болно гэж таамаглажээ. 

Хүүхэд эндэх хүртэл эрсдэлтэй суулгалт өвчнөөр өвдсөн гурван хүүхэд тутмын нэг нь огт эмнэлэгт хандахгүй байна

Тав хүртэлх насны хүүхдүүдийн 7.9% нь сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд суулгалт өвчнөөр өвчнөөр өвдсөн байна гэх үр дүн гарсан байна. Үүнээс 58.1% нь мэргэжлийн эмчид ханджээ. 

Бага насны хүүхэд суулгалт өвчнөөр 2-3 хоног өвдөнө гэдэг нь эрүүл мэндэд нь маш хортой, тухайн хүүхэд эндэх хүртэл эрсдэлийг дагуулж байдаг аж. Гэтэл суулгалт өвчнөөр өвдсөн гурван хүүхэд тутмын нэг нь огт эмнэлэгт хандахгүй байна гэсэн үр дүн гарчээ. 

Хотын хүүхдүүд 8.4%-тай байсан бол хөдөөд 6.3%-тай буюу хөдөөд арай бага суулгалт өвчин илэрчээ. Уг үр дүнгээс харахад хөдөөгийн хүүхдүүдийн өвчлөл бага юм шиг боловч эрүүл мэндийн үйлчилгээ авах тал дээр илүү хойрго байсан байж магадгүй гэж судалгааны багийнхан таамагласан байна. 

Амьсгалын замын цочмог халдварын хувьд хотод 3.9%, хөдөөд 2.7%-тай гарсан байна. 

Тав хүртэлх насны хүүхдүүдийн 3.4 хувь нь хүнд хэлбэрийн таргалалттай байна 

Тав хүртэлх насны хүүхдүүдийн 12.8 хувь нь дунд болон хүнд хэлбэрийн таргалалттай байна. Үүнээс 3.4% нь хүнд хэлбэрийн илүүдэл жинтэй байна. Энэ үзүүлэлт 2018 онд 2.9%-тай байжээ. Иймд илүүдэл жинтэй хүүхдүүд ихсэж байгаад анхаарах хэрэгтэй гэв.