Ням гарагт Парис хотод зохион байгуулагдсан Diamond League хөнгөн атлетикийн шилдгүүдийн тэмцээний үеэр 37 жилийн өмнө тогтоож байсан өндрийн харайлтын дэлхийн дээд амжилт эвдэгджээ.
Тухайлбал Украины тамирчин Ярослава Магучих 2.10 метр өндөр дээгүүр харайж, 1987 онд Болгарын тамирчин Стефка Костадиновагийн тогтоосон дээд амжилтыг нэг сантиметрээр ахиулсан байна.
“Би энд болох Олимпын наадмыг тэсэн ядан хүлээж байна. Тэмцээн илүү сайхан уур амьсгалтай болно гэдэгт би итгэлтэй байна. Хэцүү бөгөөд өрсөлдөөнтэй болно гэдгийг бас ойлгож байгаа. Ямартай ч би Украиныг дэлхийн хөнгөн атлетикийн түүхэнд бичүүлж чадлаа” гэж Магучих сэтгэгдлээ хуваалцжээ.
Өчигдөр бас нэг дэлхийн дээд амжилт Парист эвдэгдсэн юм.
Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн 1,500 метрийн уралдаанд ноёлж байгаа Кенийн тамирчин Файт Кипегон өөрийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн байна.
Тэрбээр 2023 онд 3:49:11 хугацаагаар дээд амжилт тогтоож байсан бол өчигдөр 3:49:04 хугацаагаар шинэчилжээ.
Олимпын хошой алтан медальт Кипегон уралдааны сүүлчийн тойргийг хүртэл Австралийн тамирчин Жессика Халлтай ширүүн өрсөлдсөн бөгөөд сүүлийн 200 метр зайд өрсөлдөгчөөсөө салж чадсанаар өөрийн дээд амжилтыг эвдсэн юм.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!