Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Барселон хотын оршин суугчид жуулчдыг хөөж, усан буугаар бууджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Испанийн Барселон хотод аялал жуулчлалыг эсэргүүцсэн томоохон жагсаал зохион байгуулагджээ.

Арга хэмжээнд 150 гаруй байгууллага, хэдэн мянган хүн оролцсон тухай орон нутгийн эх сурвалжууд мэдээлсэн байна.

Аялал жуулчлалын хэт ачааллын улмаас Барселон хотын орон сууцны түрээсийн үнэ тэнгэрт хадаж, хүн “амьдрах аргагүй болсон” гэж жагсагчид үзэж байгаа ажээ.

Тэд замд нь тааралдсан жуулчдад “Гэртээ харь” хэмээн хэлж, усан буугаар шүршиж байсан байна.

Мөн зарим ресторан, зочид буудлын үүдийг туузаар хааж, бэлгэдлийн чанартай эсэргүүцэл илэрхийлжээ.

зураг
 

Газрын дундад тэнгисийн уур амьсгал, өвөрмөц соёлоороо Барселон хот жил бүр олон сая жуулчдыг татдаг.

2023 онд тус хот дангаараа 15.6 сая, нийт Барселон орчмын бүс нутаг 26 сая жуулчин хүлээн авч байжээ.

Хэдийгээр аялал жуулчлал Барселоны эдийн засагт чухал үүрэгтэй ч нөгөө талаас сөрөг үр дагавар үзүүлэх болсон юм.

Ройтерсын судалгаанд өгүүлснээр Барселон болон Мадрид зэрэг Испанийн гол хотуудад байрны түрээсийн үнэ ханш энэ оны зургаадугаар сард жилийн өмнөхөөсөө 18 хувиар өссөн байна.

“Манай хот зөвхөн жуулчдад зориулагдах болсон. Бид жуулчдад биш, оршин суугчдадаа үйлчилдэг хоттой болмоор байна” гэж жагсагчдын төлөөлөл ярьжээ.

Сүүлийн үед Япон, Итали зэрэг улсуудын гол төвүүд аялал жуулчлалын хэт ачааллаас сэргийлэх арга хэмжээ авдаг болоод байгаа.

Тухайлбал Италийн Венец хот жуулчдаас татвар хураамж авдаг болсон юм. Японы нэг орон нутгийн захиргаа жуулчдын бөөгнөрлийг багасгахын тулд замын хажууд Фүжи уулын барааг харагдуулахгүй болгох хаалт босгож байв.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Business Insider