Уншиж байна ...

Грект ойн түймэр тавьсан хэрэгт Казахстаны саятан сэжиглэгдэв

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Саяхан Грекийн нэг бүс нутагт ойн түймэр гарсан бөгөөд уг түймрийг Казахстаны хамгийн баян хүмүүсийн нэг тавьсан байж болзошгүй талаар дуулиан дэгджээ.

Нийслэл Афин хотоос өмнө зүгт оршдог Идра аралд түймэр гарах үед бизнесмэн Данияр Абулгазин болон Казахстаны өөр долоон иргэн тансаг ангиллын завь түрээслэн амарч байсан юм байна.

Уг түймэр нь 300 акр газрыг хамарсан юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Грект жил бүр агаарын хэт халалт тохиож, ой хээрийн түймэр байнга гардаг болоод байгаа.

Энэ зуны эхний халалт эхэлж, Грекийн гал сөнөөгчид одоо хэд хэдэн түймрийн голомттой тэмцэж байна.

Эхлээд эрх баригчид Идра арлын түймрийг Казахстаны иргэдийн түрээсэлсэн Persephoni супер завинаас буудуулсан салютаас гаралтай гэж сэжиглэжээ.

Харин сүүлд Грекийн хэвлэлүүд Persephoni завины зорчигчид арлын эрэг дээр буусны дараа салют буудуулсан байж болзошгүй талаар бичсэн байна.

Үүний улмаас Грекийн олон нийт Казахстаны амрагчдыг гал түймэрт буруутгах явдал эрчимжжээ. Зургаадугаар сарын 21-нд гал түймэр гарсны дараахан тэд нутаг буцсан нь асуудлыг бүр хурцатгасан байна.

Үүнтэй холбоотойгоор Абулгазин өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр Persephoni завийг долоо хоногийн хугацаатай түрээсэлснээ хүлээсэн ч буцсан хугацаа нь түймэртэй холбоогүй, анхнаасаа төлөвлөгдсөн байсныг тайлбарласан байна.

Абулгазин бас өөрийг нь гал түймэр тавьсанд сэжиглэж байгаад гайхаад “Грекийн эрх баригчид өөрийг нь болон хамт явсан хүмүүсийг нь уг хэрэгт огт буруутгаагүйг” мэдэгджээ.

“Бид завин дээр байхдаа галын аюулаас сэргийлэх журмыг хатуу баримталсан. Би болон миний зочид, завины багийнхан, ер нь хэн ч гал түймэр тавихад хүргэх аливаа үйлдэл гаргаагүйг баталж байна” гэж Абулгазин мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Тэр бас гал түймрийн эх үүсвэрийг мөрдөн шалгах ажилд Грекийн эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

Грекийн тал Persephoni завины ахмад болон орлогчийг нь цагдан хориод байгаа юм. Завины багийн бусад 15 гишүүнийг эхлээд баривчилсан ч сүүлд батлан даалтаар суллажээ.

Абулгазин нь Казахстаны газрын тосны салбарын томоохон бизнесмэн бөгөөд хөрөнгийн хэмжээг нь $400 сая орчим гэж үнэлдэг.

 

Эх сурвалж: BBC