Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс Ерөнхийлөгчийн илгээлт-2100 тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, шинэчилсэн зарим журмын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Уг тэтгэлэг нь тухайн сум, баг, дүүрэг, хороо бүрээс Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын хамгийн өндөр оноо авсан шалгуулагчид мөн олон улсын олимпиадад медальт байрт шалгарсан суралцагчдыг дэлхийн топ их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулдгаараа онцлог юм.
Тэтгэлгийн гол шалгуурууд:
- Хэмжээст онооны дунджаар хамгийн өндөр оноо авч, сум, хороондоо тэргүүлсэн байх. Үүнд Гадаад хэл-Математик, Гадаад хэл-Хими, Гадаад хэл-Физик, Гадаад хэл-Биологи гэсэн хичээлүүд хамаарах ба хэмжээст онооны дундаж нь 550-с дээш байх ёстой аж. Олон улсын шалгалтын дүйцүүлсэн оноо үүнд хамаарахгүй юм байна.
- Тухайн жилийн ЭШ-д хамрагдсан байх
- Сүүлийн гурваас доошгүй жил ЕБС-ийн хамран сургах тойргийн дагуу харьяалагдах сум, хороондоо суралцаж төгссөн байх
Эдгээр шалгуурыг хэрхэн хангасан эсэх мэдээллийг:
- Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар(УБЕГ)-т бүртгэлтэй байгаа тухайн суралцагчдын албан ёсны гэрийн хаяг, оршин суугаа газрын мэдээлэл
- Боловсролын мэдээлэл технологийн төвөөс тухайн суралцагчийн 12 жилийн хугацаанд буюу сүүлийн гурван жилийн хугацаанд ямар сургуульд суралцсан, шилжилт хөдөлгөөн хийсэн эсэх мэдээлэл
- БҮТ-ийн элсэлтийн шалгалтын дүн зэрэг мэдээллүүдийг нэгтгэж жагсаалт зарлагддаг аж.
Элсэгч ilgeelt.eec.mn сайтаар ороод өөрийн бүртгэлийн дугаар нууц үгээ хийгээд дээр дурдсан мэдээллүүдээ өөрөө хянах боломжтой аж.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!