Зураг
Зураг
Индэр    
2024 оны 7 сарын 4
Зураг
Олон улс судлаач, эдийн засагч

БНАСАУ-ОХУ харилцаа "ойртсон" нь Монголын транзит, тээврийн сүлжээнд ямар ач холбогдолтой вэ?

Зураг

Хятад, Орос, Умард Солонгосын хамтын ажиллагаа нэмэгдсэнээр Түмэн голын коридорын асуудал шийдэгдэж, Монгол Улс шинээр ашиглаж болох далайн боомтуудтай болох түүхэн боломжтой байна.

Хамтран бичсэн: Монголын “Пёньян” институтын хамтран үүсгэн байгуулагч, Солонгос судлаач Х.Гарьдбилэг

Өнгөрсөн зургаадугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн 24 жилд анх удаа Пёньянд айлчилж байгаа нь олны анхаарлыг татаад байна. В.Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар Хүйтэн дайны дараах үеийн хоёр улсын хооронд байгуулсан хамгийн чухал, өргөн цар хүрээтэй гэрээ болох БНАСАУ болон ОХУ-ын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ”-нд гарын үсэг зурсан тухай олон улсын хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллагууд ихэнх нь онцолж байв. Энэ нь Орос Умард Солонгосын харилцааг улам бэхжүүлсэн. Мөн талуудын хооронд амжилттай болсон өөр нэг хэлэлцээрийн талаар харьцангуй сүр дуулиан багатай мэдээлэгдэв.

БНХАУ-ын эрх ашигтай хамаарах, ОХУ, БНАСАУ-ын талууд Түмэн голыг дамнасан авто зам төмөр замын өргөн гүүр барих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурлаа.

зураг
 

Түмэн гол дээгүүр Орос, Умард Солонгосыг холбосон төмөр замын гүүр бий. Тус гүүр нь хүйтэн дайны эхэн үед баригдсан ердөө есөн метр өндөртэй. Иймд энэ “хуучин” гүүр Зүүн хойд Азийн орнуудын худалдааны томоохон хөлөг онгоцнууд Түмэн голын далайн гарцыг цаашид хөгжүүлэх, ашиглахад саад тотгор болж байна.

Хятад, Умард Солонгос, Оросын нутгаар 500 гаруй км урсдаг Түмэн гол нь Зүүн хойд Азийн геополитикийн анхаарлын төвд хэзээнээс байсаар ирсэн. Энэ нь гурван улсын байгалийн хил хязгаар төдийгүй Хятад улс нь Орос, Умард Солонгостой хиллэдэг голын хэсгийг дайран Япон тэнгис хүрэх далайд гарах боломжит гарц юм. Гэсэн хэдий ч түүхэн асуудал, улс төр геополитикийн хязгаарлалт зэрэг бүх талын ээдрээтэй шалтгааны улмаас энэ голын стратегийн үнэ цэнийг бүрэн дүүрэн ойлгож ашиглаагүй удаж байна.

В.Путин 2024 оны тавдугаар сард Бээжинд айлчлах үеэр Хятад, Орос хоёр Түмэн голын далайд хүрэх гарцын асуудлаар тохиролцоонд хүрсэн. Хоёр тал хамтарсан мэдэгдэлдээ Түмэн голын доод эргээр аялах БНХАУ-ын хөлөг онгоцнуудад ОХУ-ын дэмжлэг үзүүлэх асуудлаар БНАСАУ-тай бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлнэ гэдгээ тодорхой илэрхийлсэн байна. Өнгөрсөн зургаадугаар сард БНАСАУ-д айлчлах үеэрээ В.Путин Түмэн гол дээгүүр шинэ авто болон төмөр замын гүүр барина гэж мэдэгдсэн. Гэхдээ одоо байгаа гүүрийг шинээр барих, өргөсгөх үү, эсвэл бүр нурааж, солих уу гэдгийг харах л үлдлээ.

Энэ бүхэн Монголын хувьд ямар ач холбогдолтой вэ?

Саяхан Орос-Умард Солонгосын хооронд байгуулсан "Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ"-ий зарим хэсэг, агуулга нь 2019 онд Орос, Монголын хооронд байгуулсан "Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-тэй төстэй. Орос улс тус хоёр олон улсын гэрээг өөр өөр цаг үед Ази, Номхон далайн бүс нутаг, дэлхий дахинд өөр өөр нөхцөлд тус орнуудтай байгуулсан.

ЗХУ задран унаснаас хойш 30 орчим жил зогсонги байдалд байсан Монгол, Оросын хоёр талын "ойлгомжгүй" тэгш бус хамтын ажиллагааг 2019 онд Хятад улстай эрчимтэй хөгжиж буй харилцааг тэнцвэржүүлэхийн тулд Улаанбаатар Москватай харилцах хоёр талын харилцааг илүү өндөр түвшинд аваачна гэж найдаж байгуулсан харагддаг. Өнөөгийн нөхцөлд харахад Монгол Улсын Бээжинтэй харилцах органик харилцаатай харьцуулахад Улаанбаатарын уг хүсэл эрмэлзэл хараахан бүрэн биелээгүй байна.

2019 онд Орос, Монголын хооронд "Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ" байгуулснаас хойш Улаанбаатарт Оросын улс төр, аюулгүй байдлын нөлөө өмнөхтэй харьцуулахад нэмэгдэж байна

Нэг талаар гэрээ байгуулснаас хойш Улаанбаатарт Оросын улс төр, аюулгүй байдлын нөлөө өмнөхтэй харьцуулахад нэмэгдэж байна. Орос улс Монголын харьцангуй чөлөөтэй, динамик "Гуравдагч хөршийн бодлого" болон дипломат үйл ажиллагааг хязгаарлах, хянах зорилготой байгуулсан харагддаг. Сүүлийн үед ялангуяа Орос-Украины дайны дараа Орос харьцангуй тусгаарлагдсан үед улам идэвхэжсэн.

Нөгөөтэйгүүр гэрээ байгуулагдсанаас хойш Монгол Улс ОХУ-тай эдийн засаг, худалдааны харилцаа бүтэц нэг их өөрчлөгдсөнгүй. Монголын өмнөд хэсэг говийн бүсээс олборлосон нүүрс, зэс болон бусад уул уурхайгаас олсон валютын нөөцөө худалдааны тэнцвэргүй бодлого бүхий Москвад эдгээр жилд төлж ирсэн хэвээр байна. Монголын ард түмэн зарим талаар Оростой удаан хугацааны туршид эдийн засаг худалдааны тэнцвэргүй харилцаатай байгаад сэтгэл хангалуун бус байгаа тал ажиглагддаг.

Ийм нөхцөлд Хятад, Умард Солонгос, Оросын хооронд худалдаа, транзит тээврийг хөгжүүлэх нь Монгол Улсад тодорхой хэмжээний үр ашиг авчирч, урт удаан хугацаанд зорьж байсан “Чойбалсан-Рашаан” төмөр замаар Умард Солонгосын далайн боомтуудад нэвтрэх цаашлаад Монголын экспортын бараа бүтээгдэхүүнийг гуравдагч, дөрөвдөгч орнуудад хүргэх боломжийг нээж өгч магадгүй юм.

“Чойбалсан-Рашаан” төмөр зам буюу Two Mountains railway нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймгийн Рашаан хот болон Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотыг холбосон олон улсын төмөр замын төсөл юм. ЗХУ анх “Чойбалсан - Рашаан” төмөр замыг тавих санаачилгыг гаргаж байсан ч сүүлдээ БНХАУ, ЗХУ харилцаа муудсаны улмаас тус төсөл нь зогссон юм. Гэсэн хэдий ч 1980-аад оны сүүлээр Хятадын Жилин муж Хятад - Монголын төмөр замын коридор байгуулах үзэл баримтлалыг дэвшүүлж, энэ санааг дахин гаргаж тавьсан.

1990-ээд оны эхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Түмэн голын бүс нутагт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлснээр “Чойбалсан-Рашаан” төмөр замын төсөл барих санал дахин дурдагдаж эхлэв. Энэ саналыг Хятадын Төрийн зөвлөлийн холбогдох салбар яам агентлагууд дэмжсэн байна.

Хятадын талын 2015 онд хийсэн уг төслийн урьдчилсан төсөв төлөвлөгөөнд дурдсанаар “Чойбалсан-Рашаан” төмөр зам нь нийт 476 километр урт бөгөөд 14.2 тэрбум юань буюу хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. 20 өртөө зөрлөг бүхий, 80,000 метр квадрат үйлдвэр, засвар үйлчилгээний барилгууд, 25 гүүр, нийт 445 метр ус зайлуулах хоолой зэрэг баригдахаар төлөвлөгдсөн байна. Төмөр замын ачааны урсгал нягтрал нь жилд дунджаар 15-25 сая тонн бөгөөд жилийн өгөөж буюу ROI нь 8.1%, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 14.8 жил байна гэж тооцоолсон. Хайгуул, зураг төсөл, барилга угсралтын ажил дуусахад ойролцоогоор гурван жил шаардлагатай гэсэн байна.

2016 онд талууд гарын үсэг зурсан “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т далайд гарцгүй Монгол Улсыг Орос, Умард Солонгосын далайн боомтуудтай холбох, мөн “Чойбалсан-Рашаан” төмөр зам барих төсөл багтсан байдаг.

Тухайн үед ОХУ-ын Байгаль нуур орчмын бүс нутаг, Монголын зүүн аймгууд, БНХАУ-ын Жилин муж, ӨМӨЗО-ы зүүн хэсэг зэрэг харилцан хамаарал сул эдийн засгийн чадавх муутай оролцогч талуудын ачаа барааны эргэлт тогтвортой бус, санхүүгийн чадавх сул зэрэг шалтгаанаар тус төмөр зам баригдаагүй байна. Ер нь оролцогч талуудын төмөр замын бүтээн байгуулалт холболтыг эрчимжүүлэх нь Зүүн хойд Азийн өнөөгийн хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. “Чойбалсан-Рашаан” төмөр замын бүтээн байгуулалтыг хийж чадвал Түмэн голын олон улсын ачаа тээврийн коридороор дамжих буюу ОХУ-ын Забайкальский край Читагаас эхлэн Монголын Дорнод аймаг Чойбалсангаар дайрч, цаашлаад Өвөрмонголын Хянган аймаг, Хятадын Жилин мужийн Хуньчун, Умард Солонгосын Расон эдийн засгийн онцгой бүсийн боомтууд руу хүрэх холбох боломжтой.

Харьцангуй удаан хугацаанд зогсонги байдалд орсон тус төмөр замын төсөл Орос-Умард Солонгос, Орос-Хятадын харилцааны “ойртолт”-оос хамаарч түүхэн цаг нөхцөл байдал бүрэлдэж байна. 2022 оны Орос-Украины дайнаас хойш Орос, Хятадын харилцаа маш их идэвхжиж байна. Тус хоёр улсын худалдаа жилээс жилд өсөж, дамжин өнгөрөх ачаа барааны тоо хэмжээ нэмэгдсээр байна. Эрээн хот, Манжуур, Сүйфэнхэ зэрэг тээврийн коридоруудад хуучирсан дэд бүтцээс хамаарч гацах түгжрэх нөхцөл байдал үргэлжилж байгаа тул зарим талаар зайлшгүй шинэ тээврийн коридор байгуулах шаардлагатай байна. Худалдааны ачаа бараа эргэлтийн шинэ суваг боломжтой коридорууд нь Монголоор дамжин өнгөрч магадгүй. Тухайлбал Оросын Чита хотоос Монгол (Дорнод, Сүхбаатар) дамжин Хятадын Ляонин мужийн Жинжөу, Далянь зэрэг боомт орох, эсвэл дээр дурдсанчлан Читагаас Монгол (Дорнод) болон Өвөрмонгол, Түмэн голын коридороор дамжин Умард Солонгосын боомтууд руу хүрэх боломжтой байна.

Худалдааны ачаа бараа эргэлтийн шинэ суваг боломжтой коридорууд, ялангуяа түмэн голын коридор нь сүүлийн 20 гаруй жилийн яриа хэлэлцээний үр дүнгээр бодитой бий болох боломжтой. 2000 оны дундуур БНАСАУ болон Монголын Засгийн газрын хоорондын зөвлөлдөх хуралдааны үеэр БНАСАУ-ын төлөөлөгчид Расоны эдийн засгийн онцгой бүсэд Монгол Улсыг хөрөнгө оруулах, хамтран ажиллах, далайн боомтуудыг хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглах талаар зөвшөөрч саналуудыг дэвшүүлж байжээ.

2010 оны дөрөвдүгээр сарын 20-22-ны хооронд тухайн үеийн Монгол Улсын Гадаад хэргийн сайд Г.Занданшатар БНАСАУ-д айлчлах үеэрээ Расоны эдийн засгийн онцгой бүс, Ражин боомтын үйл ажиллагаатай танилцаж байжээ. Улмаар БНАСАУ-ын Засгийн газар Монгол Улсад Ражин боомтыг таатай нөхцөлөөр ашиглуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Расоны эдийн засгийн онцгой бүсэд Монголын талыг худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын төлөөлөгчийн газраа байгуулах хүсэлт тавьсан. Нэг их удалгүй тухайн үеийн Монгол Улсын зам тээврийн яамны дэд сайд А.Гансүх БНАСАУ-тай Пёньян хотод Ражин боомтыг хамтран ашиглах тухай санамж бичигт гарын үсэг зуржээ.

2013 онд Монголын “HBOil” компани БНАСАУ-ын Расоны эдийн засгийн тусгай бүсийн Сонбон хотод байрлах “Сынри” /жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай/ нефтийн үйлдвэрийн 20 хувьд хөрөнгө оруулалт хийж, цаашлаад тус үйлдвэрт боловсруулсан нефтийн бүтээгдэхүүнийг Монгол улс руу экспортлох зорилготой байсан. Гэвч түүнээс хойш БНАСАУ-ын баллистик пуужингийн туршилтууд идэвхэжсэнээр НҮБ-ын эдийн засгийн хориг арга хэмжээ чангарсан. Үүнтэй холбоотойгоор “Сынри” нефтийн үйлдвэрийн хамтын ажиллагааны талаарх мэдээлэл тодорхойгүй болсон.

2015 оны хоёрдугаар сарын 22-25-ны хооронд БНАСАУ-ын тухайн үеийн Гадаад хэргийн сайд Ри Сү Ён Монгол улсад айлчилсан. Айлчлалын үеэр хоёр талын хэлэлцсэн чухал асуудлын нэг нь Монгол Улс Умард Солонгосын боомтоор дамжуулан гуравдагч орнууд руу нүүрс экспортлох асуудал байв. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улс 2015 онд Ражин боомт руу 25 мянган тонн нүүрс тээвэрлэнэ гэж мэдээлж байсан. Тодруулбал Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” -аар дамжуулан Умард Солонгосын боомтуудад нүүрс тээвэрлэхээр ярьж байсан.

зураг
 
Ражин боомтын зургийг “prokorea.ru” -аас ашиглав

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар 2018 онд Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Уг гэрээ хэлэлцээрт зааснаар Монгол Улс экспортын бараагаа ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч орон руу тээвэрлэхдээ 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Энэхүү гэрээ хэлэлцээрээр Монголын уул уурхайн баялгийг ОХУ-ын төмөр замаар дамжуулан Умард Солонгосын боомтуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр тээвэрлэж, тэндээс Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг зэрэг улс руу экспортлох боломжтой болсон.

Уг дамжин өнгөрөх тээврийн нөхцөлийг ашиглах асуудал одоогийн байдлаар хараахан биелээгүй байна. 2022 онд буюу COVID-19 тахлын үеэр Умард Солонгос хилээ бүрэн хаасан байх үед тухайн үеийн Зам тээврийн сайд Л.Халтар хэлэхдээ “Өвлийн улиралд хөлддөггүй БНАСАУ-ын Ражин боомт нь Монголын цаашдын экспорт хийх боломжит далайн боомтуудын нэг” гэж мэдэгдсэн. Гэвч тухайн үеийн COVID-19 тахлын нөлөөгөөр Умард Солонгосын талтай уулзаж, ярилцах боломж хомс байв. COVID-19 тахлын нөхцөл байдал сайжирсны дараа Монгол Улс ОХУ, БНХАУ-ын төмөр замын удирдлагуудтай хамтран ажиллаж, Умард Солонгосын Ражин боомт руу Монголын экспортын ачаа барааг хүргэх боломжтой гэж талаар ярьж байв.

Хятад, Умард Солонгос, Орос гурван талт ачаа бараа тээврийн сүлжээ ойлгомжтой болсноор Монгол Улс мөн уг тээврийн интеграцид нэгдэх бололцоотой болно.

зураг
 
Газрын зургийг ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс ашиглав

Владивосток хотноо энэ оны есдүгээр сарын 3-6-ны хооронд Оросын Дорнын эдийн засгийн чуулга уулзалт болно. Уг форумын үеэр Ази, Номхон далайн бүс нутаг дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, Арктик болон Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэх зэрэг болно. Орос Хятадын хамтын ажиллагаа өргөжсөн, Орос, Умард Солонгосын харилцаа сайжирч, В.Путин Пёньянд айлчлал хийсэн зэргийг харгалзан үзвэл Зүүн Азийн орнуудын дээд удирдагчид Владивостокт зохион байгуулагдах форумд оролцохоор ирэхийг бид харж магадгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, тус бүс нутгийн тээврийн коридорыг хөгжүүлэх асуудлаар ярилцаж магадгүй байна. Тэр ч байтугай Монгол Умард Солонгосын хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх, 2013 оноос хойш буюу 10 жил орчмын хугацаанд дээд хэмжээний айлчлал Пёньянд хийгдээгүй зэргийг харгалзан үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Умард Солонгосын боомтуудыг ашиглах талаар Ким Жон Унтай уулзахаар Пёньянд айлчилж магадгүй.

Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг харах хэвээр байгаа ч шинжээчид болон холбогдох байгууллагууд Зүүн хойд Азийн транзит болон тээврийн сүлжээг сэргээн босгоход анхаарлаа хандуулах ёстой.

 

Тус өгүүлэл The Diplomat сэтгүүлд 2024 оны долдугаар сарын 02-нд “What the North Korea-Russia Rapprochement Means for Mongolia’s Transit and Transport Network” нэртэйгээр англи хэл дээр нийтлэгдсэн.