Уншиж байна ...

Г.Ууганбаяр: Энэ оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн хүүхэд хурдан мориноос унаж нас барсан

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадам дөхөж буйтай холбогдуулан Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 26, хурдан морь унаж байхдаа дөрөв, мөн 11 хүүхэд гол, усанд живж амь насаа алдсан юм. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой анхаарах шаардлагатайг Комиссын Гомдол, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар онцоллоо.

Тэрбээр "Хурдан морины уралдаан нь үндэсний өв соёл боловч унаач хүүхдийн амь насыг хамгаалах шаардлагатай. Энэ оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн хүүхэд хурдан мориноос унаж нас барсан. Мөн ахуйн чанартай буюу бусад тохиолдлын улмаас мориноос унаж амь насаа алдсан гэдгийг тодотгоё.

Тодруулбал

  • Өмнөговь - 2
  • Төв - 2
  • Увс - 1
  • Өвөрхангай - 1
  • Хэнтий - 1 хүүхэд амь насаа алджээ.

Хамгийн сүүлд Хэнтий аймгийн Дархан суманд хурдан морины үсэргээ, сунгаа зохион байгуулах явцад хүүхэд мориноос унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүнчлэн Төв аймгийн Эрдэнэ суманд жуулчдын хөтчөөр ажиллаж байсан хүүхэд мориноос унаад усанд живсэн тохиолдол бүртгэгдсэн.  

Баяр наадмын хурдан морины уралдааны бүртгэл энэ сарын 8-9-нд болно. Унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хувцас хэрэглэлийн стандартын шаардлага хангасан, эрүүл мэнд, амь насны даатгалд хамрагдах, эцэг эх, асран хамгаалагчаас нь зохих зөвшөөрөл авсан эсэхэд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавьж байна.

Манай байгууллагаас хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр энэ сарын 2-ны өдөр 21 аймгийн Засаг дарга нарт 02/28 дугаартай албан бичгээр зөвлөмжийг хүргүүлсэн. Уг зөвлөмжид унаач хүүхдийн аюулгүй байдлын хүрээнд хувцас хэрэглэлийн стандартыг мөрдөж ажиллах, даатгалд хамруулах болон уралдааны замын стандартыг тогтоох зэргээр 11 зүйл заалттай.

ХЭҮК-оос энэ сарын 10-13-ны өдрүүдэд болох наадмын хурдан морины уралдаанд болон дөрвөн аймагт зохиогдох бүсийн хурдан морины уралдааны үеэр хяналт тавьж ажиллахаар төлөвлөж байна.

Манай байгууллагаас унаач хүүхдийн эрхийг хамгаалахад жил бүр анхаарч ирсэн. Тухайлбал арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг дуустал хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон тогтоолыг Засгийн газраас гарсан байдаг. Харамсалтай нь дээрх хугацаанд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум, Төв аймгийн Сэргэлэн, Баян, Сүхбаатар аймгийн Онгон, Дорноговь аймгийн Алтанбулаг, Дорнод аймгийн Баянтүмэн суманд хурдан морины сунгаа зохион байгуулсан болохыг тогтоосон.

Хэдийгээр уг уралдаанд хүүхдийн амь нас хохироогүй ч хууль зөрчсөн үйлдэлд нь аймгийн Засаг дарга нарт шаардлага тавьсан. Энэ шаардлагын хүрээнд Төв, Сүхбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга нар зохих арга хэмжээг авснаа албан тоотоор мэдэгдсэн. Харин Ховд, Дорнод аймгийн Засаг дарга нар ямар нэг арга хэмжээ аваагүй. Иймд бид дээрх албан тушаалтнуудтай дараагийн арга хэмжээг авахаар төлөвлөж байна" гэж ярилаа.