Уншиж байна ...

Японд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны самбарын талбараа зарсан хэрэг гарчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Одоо үргэлжилж буй Токио хотын захирагчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн танилцуулга байрлуулдаг самбар дээр арилжааны зорилготой сурталчилгаа байрлуулсан хэрэг олноор гарах болжээ.

Японы улс төрийн жижиг намуудын нэг NHK хуулийн цоорхойг ашиглан өөрийн самбарын зай талбарыг гуравдагч этгээдэд худалдсан нь саяхан илэрсэн байна.

Нийтийн Албаны Сонгуулийн тухай хуулиар сурталчилгааны самбарт байрлах зурагт хуудасны агуулгад хязгаарлалт тавьдаггүй нь ийм үйлдэл гарахад хүргэжээ.

Энэ хуулийн цоорхойг ашиглан NHK нам мөнгө босгох зорилгоор сурталчилгааны самбарын талбаруудаа худалдсан юм байна.

Тухайлбал Токио хотын Ота дүүрэгт орших самбарын тус намд хуваарилагдсан талбар дээр QR код бүхий хүүхдийн гар зураг тавигдсан байжээ.

QR кодыг шалгахад 69 настай эрэгтэйн Line сошиал хуудсанд хандаж байсан байна.

Цагдаагийн байгууллагын тогтоосноор тухайн эрэгтэй NHK намын дарга Такаши Тачибанагийн тавьсан саналын дагуу сонгуулийн сурталчилгааны самбарын 24 талбарыг 5,000 иенээр худалдаж авчээ.

Тэрбээр талбаруудыг өөрийн сошиал хуудасны дагагчийн тоог өсгөх зорилгоор авсан ч үр дүн гараагүй талаар цагдаад мэдүүлсэн байна.

зураг
 

NHK нам энэ маягаар 24 нэр дэвшигчийнхээ 1,000 орчим байрлал дахь самбарын талбарыг 5,000-25,000 иений хандив өгсөн хүмүүст арилжааны зорилгоор ашиглуулж байжээ.

Албан ёсны сурталчилгаа эхлэх өдөр улс төрийн намууд самбарт эзэмших талбарын дарааллаа сугалаагаар шийддэг юм байна.

NHK нам уг сугалаанд оролцолгүй сүүлд үлдсэн захын талбаруудыг авч байжээ.

Энэ нь талбаруудаа өөр зориулалтаар ашиглах зорилготой байсныг харуулж буйг Токио хотын захирагчийн сонгуулийг зохион байгуулагчид мэдээлсэн байна.

Сонгуулийн сурталчилгааны самбаруудын NHK намын нэр дэвшигчдийн талбаруудад хагас нүцгэн эмэгтэйн зураг, насанд хүрэгчдэд зориулсан үйлчилгээний зар тавигдаж, Токио хотын цагдаагийн газар энэ талаар тус намд анхааруулж байжээ.

Эрх баригч болон гол сөрөг хүчний намууд сонгуулийн сурталчилгааны самбарыг өөр зориулалтаар ашиглахын эсрэг арга хэмжээ авахыг Токио хотын эрх баригчдаас шаардаж байв.

Зургаадугаар сарын 25-ны өдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Япон улсын засгийн газрын нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяаши самбаруудыг сонгуулийн сурталчилгаанаас өөр зориулалтаар ашиглах ёсгүйг анхааруулсан юм.

Уг цоорхойг арилгахын тулд ойрын үед Нийтийн Албаны Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг өөрчлөх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Yomiuri Shinbun