Уншиж байна ...

Нэтфликсийн үүсгэн байгуулагч ерөнхийлөгч Жо Байденд нэрээ татахыг уриаллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Нэтфликс компанийн үүсгэн байгуулагчдын нэг Рид Хастингс

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний дараа Жо Байдены ажиллах чадварт эргэлзэх хүмүүсийн тоо нэмэгдээд байгаа.

Энэ мэтгэлцээний үеэр 81 настай Байдены гаргасан үйлдэл, биеэ авч явах байдал түүний сэтгэцийн эрүүл мэнд хэвийн биш болсныг харуулсан юм.

Тэгвэл Ардчилсан Намын хамгийн том хандивлагчдын нэг болох Нэтфликс компанийн үүсгэн байгуулагчдын нэг Рид Хастингс ерөнхийлөгч Байденыг сонгуулийн сунгаанаас нэрээ татаж, Дональд Трампыг ялах боломжийг өөр нэр дэвшигчид олгохыг уриалжээ.

Тэрбээр дуулиантай мэтгэлцээнээс хойш ийм уриалга гаргасан анхны том хандивлагч болж байна.

“Ардчилсан Намын эрч хүчтэй удирдагчид Трампыг ялж, бидэнд аюулгүй, цэцэглэн хөгжих боломж олгуулахын тулд Байден зайгаа тавьж өгөх хэрэгтэй” гэж тэр Нью-Йорк Таймс сонинд ирүүлсэн захидалдаа бичсэн байна.

зураг
 

Жо Байден нэгэнт АНУ-ын түүхэнд төрсөн хамгийн өндөр настай ерөнхийлөгч болоод байгаа.

Арваннэгдүгээр сард болох сонгуулиар түүнтэй өрсөлдөх өндөр магадлалтай байгаа Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп 78 настай. Олон судалгааны үр дүнгээс америкчууд энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн өндөр насанд санаа зовж байгаа нь харагдсан юм.

Холливүүд болон энтертайнмент салбарынхан Байдены сонгуулийн кампанит ажлын чухал дэмжигчид.

Тэрбээр зургаадугаар сард Лос-Анжелес хотод Жорж Клуни, Жулиа Робертс зэрэг энэ салбарын олон алдартнуудтай уулзахдаа $30 гаруй саяын хандив цуглуулж байв.

Видео стриминг үйлчилгээний том тоглогч Нэтфликсийн үүсгэн байгуулагч сунгаанаас нэрээ татахыг уриалсан нь Холливүүдийн бусад хандивлагчдад бас нөлөөлж болзошгүй юм.

Гэхдээ бүх хандивлагч Хастингстай ижил бодолгүй байна.

Ардчилсан Намын өөр нэг томоохон хандивлагч, Обамагийн хоёр дахь засаг захиргааны үед Аргентинд элчин сайдаар ажиллаж байсан Ноа Мамет “Ерөнхийлөгч Байден дахин нэр дэвшихээ бататгалаа. Тэр эрсдэлийг мэднэ. Тэр Трамп улс оронд ямар аюултайг мэднэ. Түүнийг өөрийн шийдвэрээ гаргах хүртэл бид тойрон хүрээлж, Трампыг төрийн эрхэнд гаргахгүй байх, сонгуульд ялалт байгуулах, арваннэгдүгээр сараас хойш ардчиллыг үргэлжлүүлэхийн тулд улам шаргуу ажиллах ёстой” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Business Insider