Уншиж байна ...

Канад улсын зэвсэгт хүчнийг анх удаа эмэгтэй хүн удирдана

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Канад улсын ерөнхий сайд өчигдөр дэслэгч генерал Женни Каригнаныг тус улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар томилох шийдвэр гаргажээ.

Тус улсын түүхэнд төдийгүй Их Долоогийн бүлэг, НАТО-гийн гишүүн орнуудын түүхэнд анх удаа зэвсэгт хүчнийг эмэгтэй хүн удирдахаар болж байна.

Каригнан дөрвөн хүүхдийн ээж бөгөөд тэдний хоёр нь одоо Канадын армид алба хаадаг ажээ.

Тэрбээр долдугаар сарын 18-ны өдөр чөлөөндөө гарч буй генерал Уэин Эйрээс үүрэгт ажлаа хүлээж авах юм.

“Батлан хамгаалах хүчний шинэ тэргүүний хувьд тэрбээр Канад улсыг илүү хүчирхэг, аюулгүй, дэлхий дахины сорилт бэрхшээлүүдийг даван туулахад бэлэн байхад тусална гэдэгт би итгэлтэй байна” гэж ерөнхий сайд Жастин Трюдо томилгоог зарлахдаа хэлжээ.

Канадын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний 16 хүртэл хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг ба сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн дарамт, хүчирхийллийн олон зуун хэрэг ил болж байв.

Каригнан сүүлийн гурван жилийн хугацаанд Канадын армийн соёлыг эмэгтэйчүүдэд ээлтэй болгох шинэчлэлийг удирдаж байжээ.

Квебек мужийн уул уурхайн жижиг хот Асбестост цагдаагийн офицер, багш хоёрын гэр бүлд мэндэлсэн Каригнан 1986 онд цэргийн алба хааж эхэлсэн байна.

Үүнээс хойш гурван жилийн дараа Канад улс эмэгтэйчүүдэд байлдааны үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрдөг болжээ.

Каригнан анх тулааны талбарын инженер мэргэжил эзэмшсэн юм байна. Энэ нь тэсрэх бөмбөг аюулгүй болгох, тулааны байгууламжуудыг угсрах, устгах зэрэг үүрэг гүйцэтгэдэг ажил юм.

Тэрбээр Афганистанд томилогдохдоо Канадын байлдааны анги нэгтгэлийг удирдсан анхны эмэгтэй болж байв.

Тэнд алба хаахдаа амиа золиослогчийн бөмбөгт өртөх шахаж, автомашины цуваанд довтолсон халдлагаас амьд гарч байжээ.

Каригнан бас Босни Херцеговина, Сирид алба хааж, 2019-2020 онд Ирак дахь НАТО-гийн сургалтын үйл ажиллагааг удирдаж 10,000 гаруй цэрэгтэй Канадын хоёрдугаар дивизийг командалж байсан хүн юм.

 

Эх сурвалж: AFP