Уншиж байна ...

Хүчтэй салхины улмаас Сибирийн нэг хот нүүрсний тоосонд дарагджээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Кемерово мужийн нэг жижиг хот Ням гарагт дэгдсэн хүчтэй салхины улмаас нүүрсний тоосонд дарагджээ.

Ойролцоох нүүрсний ил уурхайгаас салхинд боссон тоос Киселёвск хотыг нөмөрч, үзэгдэх орчныг бараг бүрэн хаасан байна.

Энэ үеэр аварга том хар үүл тэнгэрт үүссэнийг сошиал сүлжээнд тарсан зураг, дүрс бичлэгүүд харуулжээ.

Ням гарагт Кемерово мужийн нутаг дэвсгэрт хүчтэй шуурч, салхины хурд 25 м/секунд хүрэхийг цаг уурчид анхааруулж байсан юм.

83,000 орчим оршин суугчтай Киселёвск хотыг тойроод нүүрсний есөн уурхай оршдог тул агаарын бохирдол ноцтой асуудал болдог.

Өвлийн улиралд хар цас орох үзэгдэл байнга давтагддаг тус хотын оршин суугчид агаарын чанарын асуудлаар байнга гомдол гаргадаг тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Сүүлийн 20 жилийн хугацаанд Киселёвск хотын оршин суугчдын тоо бараг хоёр дахин буурсан нь орчны бохирдлоос үүдэлтэй нас баралт өндөр байдагтай холбоотойг ТАСС агентлаг 2021 онд мэдээлж байв.

Эх сурвалж: The Moscow Times