Уншиж байна ...

Америкчууд саран дээр буусныг Роскосмос хүлээн зөвшөөрөв

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт ОХУ-ын Төрийн Думын чуулганд оролцсон Роскосмосын тэргүүнээс Либерал Ардчилсан Намын хууль тогтоогч Ярослав Нилов америкчууд үнэхээр саран дээр буусан эсэхийг асууж, хариултыг нь авчээ.

“Америкчууд саран дээр үнэхээр буусан, буугаагүй, энэ нь Холливүүдийн бүтээл байсан, байгаагүй гэсэн янз бүрийн тайлбаруудын талаар та ямар бодолтой байдаг вэ? Саран дээр буусан гэх тэдний хатуу байр суурийг бүдгэрүүлэх боломжтой юу?” гэж Нилов асуусан байна.

Хариуд нь Роскосмосын тэргүүн Юрий Борисов “Энэ асуудлыг сонирхон судалж байсны хувьд надад ганцхан баримт бий. Тухайн үед тэд энэ аяллын үеэр сансрын нисгэгчдийн авчирсан сарны хөрсний хэсгийг бидэнд өгч байсан. Манай Шинжлэх Ухааны Академи түүнийг нь шинжлээд сарных мөн болохыг тогтоосон байдаг. Асуултын хариулт энэ байна” гэж хариулжээ.

2011 оноос хойш Төрийн Думын гишүүнээр ажиллаж байгаа Нилов нь Москвагийн Эрчим Хүчний Дээд сургуулийг “тооцоолон бодох техник, систем, сүлжээ”-ний чиглэлээр төгссөн юм.

Тэр одоо Думын хөдөлмөр, нийгмийн бодлого, ахмад дайчдын асуудал эрхэлсэн байнгын хорооны даргаар ажилладаг ажээ.

 

Эх сурвалж: The Moscow Times