Уншиж байна ...

“Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй шинэ цагийн парламент байгуулна гэвэл тамгын даргаараа эмэгтэй хүн тавь, Д.Амарбаясгалан дарга аа”

ikon.mn
2024 оны 7 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Шинэ парламент эхнээсээ албажаад эхэллээ. Парламентын шинэхэн дарга Д.Амарбаясгалан чуулганы индэр дээрээс үгээ хэлэхдээ шинэ цагийн парламентыг цогцлооно гэсэн. Мөн хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй  парламент байна гэдгийг зарласан. МАН-ын 30-р их хурлын сюрприз нь хүний эрхийг дээдэлсэн нам болно гэсэн мэдэгдэл байсан нь намын генсек Д.Амарбаясгалангийн бодлого гэж тухайн үедээ яригдаж байсан.

Тэгэхээр үнэхээр энэ хэлсэн шигээ шийдвэрүүдийг УИХ-ын дарга гаргах болов уу гэдэг сонирхолтой байна. Одоо түүний эхний шийдвэрүүд хэр мэдрэмжтэй байхыг хүмүүс анхааралтай ажиглаж байна. Үнэхээр дарга болоод хэлсэн үг шигээ байх нь уу, чадахгүй юу гэдгийг. УИХ лав эмэгтэй дэд даргагүй болж байна.  

Дэд дарга улс төрийн томилгоо гэж үзвэл хамгийн чухал алба болох УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар эмэгтэй хүн томилогдох болов уу, томилох болов уу. Энэ албыг эмэгтэй хүн хашихаараа ямар чамбай хашдаг гэдгийг Л.Өлзийсайхан хуульч баталж харуулсан.

Олон улсын парламентын холбоотой хамтран Монголын парламент “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент”-ын өөрийн үнэлгээг анх удаа хийсэн. Энэ нь одоо Азидаа төдийгүй дэлхийд анхдагч гэгдээд бусад улс орнууд манай энэ туршлагаас судлах хүсэлт явуулсаар байгаа юм билээ. Зөвхөн энэ ч биш олон ажлуудыг хийж, эмэгтэйчүүд бурууд хатуу, бусад зүйлд уян хатан ажиллаж чаддаг гэдгийг баталсан. Манайдаа том хуульч учраас Үндсэн хуулийн Цэц рүү явчихсан болохоос. Анх удаа энэ албыг эмэгтэй хүн хашсан ч үе, үеийн эрчүүдээс сайн хашсаныг нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Тэгвэл жендэрийн мэдрэмжтэй улстөрч гэгддэг Д.Амарбаясгалан энэ албандаа эмэгтэй хүнийг тавих болов уу. Хүний нөөцийн бодлого, эхний томилгооноос л шинэ цагийн парламент болох эсэх нь харагдана л даа. Жагсаалтад гэхэд чадвартай маш олон эмэгтэй байгаа. Тэднээсээ болгох хэрэгтэй. Хэвлэлээр яваад байгаагаас харахад парламентыг төлөөллийн байгууллага болгоход хамгийн их тээг болж байсан гишүүн асан болох тухай яриа явж байх юм, арай үгүй байлгүй гэмээр. Энэ үнэн бол ухралт шүү. Анхны томилгоо ингэж явбал арай муухай болно шүү. Парламентын 25 хувь нь эмэгтэй болчхоод байхад эрчүүд давамгайлсан бүтэц зураад байгаа нь зүйд үл нийцнэ.

Байнгын хороо, тамгын газар гээд бүх бүтцэдээ анхнаас нь энэ харьцааг зөв бариад явахад өнөөх хэлж яриад байгаа шинэ цагийн парламент бүтцээсээ зурагдаад ирнэ. Тэгэхгүй бол жинхэнэ дүр эсгэсэн явдал болно. Дүр эсгэсэн зарчим ч гэж юу байх вэ. Тэгж яривал шинэ парламентад жендэрийн дэд хорооны асуудал ч яригдах ёстой.

Юутай ч энэ их хурлын даргын бодит оролцоотойгоор парламент дахь эмэгтэйчүүдийн хувь хэмжээ дэлхийн дундажтай хөл нийлүүлж чадахаар боллоо. Энэхүү дэлхийн дунджид хүрсэн амжилтаа дүр эсгэсэн биш бодит шинэчлэл байж чадсан гэдгийг бататгахын тулд анхны томилгоо, хүний нөөцийн бодлогоо заавал өнөө хэлж ярьдаг хүний эрх, жендэрийн мэдрэмжийн линзээр хараарай даа. УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын алба бол эмэгтэй хүн илүү сайн хийж чадах алба гэдэг нь батлагдсан шүү.

 

Нийтлэл бичсэн: Жендэр активист -Б.Анхзаяа