Уншиж байна ...

Хүчингийн хэрэг үйлдсэн Японы иргэнд Сингапурын шүүх саваадах шийтгэл оноожээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

2019 онд их сургуулийн оюутныг “харгис хэрцгий” аргаар хүчиндсэн Япон улсын иргэнд Сингапурын шүүх шоронд хорих болон саваадах шийтгэлийг давхар оноожээ.

Үсчин мэргэжилтэй, 38 настай Икко Кита ийм шийтгэл хүлээсэн анхны иргэн нь болж буйг Сингапур дахь Япон улсын элчин сайдын яам баталсан байна.

Сингапурын шүүхээс түүнд 17.5 жил шоронд хорих, 20 удаа саваадах шийтгэл оноожээ.

Тус хот улсад хулсаар саваадах аргыг бие махбодын шийтгэл болгон түгээмэл хэрэглэдэг бөгөөд голдуу эвдэн сүйтгэл, дээрэм, хар тамхины наймаа зэрэг хэрэгт оноодог байна.

Шүүхийн бичиг баримтаас үзвэл Кита 2019 оны арванхоёрдугаар сард Сингапурын шөнийн цэнгээний дүүрэг Клэрк Куайд хохирогч эмэгтэйтэй танилцаж байжээ.

Тухайн үед 20 настай байсан хохирогч согтож, хяналтаа алдахад Кита гэртээ авчран хүчиндсэн юм байна.

Кита бас гар утсаар хийсэн үйлдлээ баримтжуулж, найздаа илгээж байжээ.

Хэргийн дараа хохирогч зугтаж, цагдаад мэдээлсний дагуу Китаг баривчилж байсан гэнэ.

Цагдаа нар түүний гар утаснаас хоёр дүрс бичлэг илрүүлж байжээ.

Шүүгч Аедит Абдулла уг хэргийг хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг ашиглан үйлдсэн “харгис хэрцгий” гэмт хэрэг гэж дүгнэсэн байна.

Хохирогч эмэгтэй бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрсөн шинж тэмдэг харуулсан гэх өмгөөлөгчийн тайлбарыг шүүх хэрэгсээгүй байна.

Китад оноосон ялын тухай мэдээ Японы хэвлэлүүдэд өргөнөөр нийтлэгдэж, сошиал орчны гол сэдэв болжээ.

Япончуудын зарим нь орчин үеийн Сингапурт саваадах шийтгэл байдагт гайхаж байсан бол зарим нь уг шийтгэлийг дэмжсэн байр суурь илэрхийлсэн байна.

Сингапурын эрх баригчид саваадах шийтгэл хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ач холбогдолтой гэж үздэг бол зарим хүний эрхийн байгууллагууд үүнийг нотлогдоогүй гэж үздэг байна.

Ялыг гүйцэтгэхдээ гуяны арын хэсгийг хулсан саваагаар шавхуурдан цохиж, арилшгүй сорви үлдээдэг юм.

“Transformative Justice Collective” хүний эрхийн байгууллагын мэдээлснээр савааны урт 1.5 метр, диаметр 1.27 см-ээс хэтрэхгүй байдаг гэнэ.

1994 онд АНУ-ын 19 настай иргэн Майкл Фэй бусдын өмчийг эвдэн сүйтгэсэн хэргээр зургаан удаа саваадуулснаар уг шийтгэлийн арга олон улсын анхаарлыг татаж байжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон иргэнээ ийм шийтгэлээс чөлөөлөхийг уриалсны хариуд Сингапурын эрх баригчид саваадах тоог нь цөөлж байсан гэдэг.

 

Эх сурвалж: BBC