Уншиж байна ...

ПАРИС 2024: Хүчингийн хэргээр шоронд хоригдож байсан тамирчин олимпод оролцохоор болжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 3
IKON.MN
Зураг зураг

Нидерландын Волейболын Холбоо (НВХ) болон тус улсын Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ноос элсний волейболын төрлөөр "Парис 2024"-д өрсөлдөх багаа зарласан нь багагүй дуулиан дэгдээв.

Учир нь дэлхийд чансаагаар 11-т жагссан Стивен ван де Велде, Матью Иммерс нар Нидерландыг төлөөлж олимпод оролцох эрэгтэй хоёр багийн нэг болсон юм. 

Стивен ван де Велде 2016 онд насанд хүрээгүй хүнийг садар самуунд уруу татаж, хүчирхийлсэн гэмт үйлдэлд нь Их Британийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон. 

Тодруулбал 2014 оны наймдугаар сард Их Британид аялж байх үедээ цахим сүлжээгээр 12 настай охинтой танилцаж, архи уулгасныхаа дараа зүй бус харилцаанд орсныг шүүхээс тогтоожээ. 

Шүүхээс түүнийг нутагтаа ялаа эдлэхийг нь зөвшөөрсөн ч нидерланд эр нэг жил шоронд суусныхаа дараа суллагдсан юм. 

Их Британид түүнийг бэлгийн хүчирхийлэгчийн хар жагсаалтад оруулсан билээ.

Харин НВХ болон ҮОХ гаргасан шийдвэрийнхээ талаар хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд "Түүнийг дахин хэрэг хийх магадлал бага гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан. Мөн Стивен 2017 оноос хойш олон улсын тэмцээнд оролцож, шоронгоос суллагдсаныхаа дараа эмчилгээнд хамрагдсан гэдгийг бодолцох хэрэгтэй" гэж онцолсон байна. 

Олон Улсын Волейболын Холбоо (ОУВХ)-ноос энэ шийдвэрт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн ч олимпод оролцох баг сонгох нь тухайн улсын ҮОХ-ны дотоод асуудал гэж тайлбарласан юм. 

 

Эх сурвалж: Inside The Games