Уншиж байна ...

ЕВРО 2024: Туркийн Мерих Демирал хасагдах шатанд хамгийн хурдан хугацаанд гоол оруулсан тоглогч болжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 3
IKON.MN
Зураг зураг
CNN

Европын Аварга Шалгаруулах Тэмцээн (ЕАШТ)-ий түүхэнд хамгийн хурдан хугацаанд орсон гоолыг Албанийн Недим Бажрами Италийн хаалганд оруулсан гоолоор бүртгүүлсэн. Н.Бажрами ердөө 23 секундэд Жианлужи Доннаруммагийн хаалгыг мялаасан юм. Тэгвэл өнөөдөр Туркийн Мерих Демирал 57 секундэд эсрэг багийн хаалгыг мялааснаар хасагдах шатанд оруулсан хамгийн хурдан гоол болжээ. 

Евро-д хамгийн хурдан хугацаанд орсон гоолууд

0:23 секунд - Недим Бажрами (Итали 2:1 Албани, 15/06/2024, хэсгийн шат)

Хоёр дахь тивийн аваргадаа оролцож буй албаничууд хэсэгтээ Италийн хаалганд эхний гоолыг оруулж, хэсэг сандаргасан. Италийн Федерико Димаркогийн хажуугаас "бэлэглэсэн" бөмбөгийг Недим Бажрами гоол болгоход ердөө 23 секунд шаардлагатай байв. 

Энэ гоол ЕАШТ-ий түүхэнд хамгийн хурдан хугацаанд орсон гоолоор бүртгэгдсэн юм.

0:57 секунд - Мерих Демирал (Австри 1:2 Турк, 02/07/2024, шөвгийн 16)

Тус тэмцээний түүхэнд хасагдах шатанд хамгийн хурдан хугацаанд орсон гоолыг Туркийн Мерих Демирал толилуулав. Турк эхний довтолгоогоор булангийн цохилт гүйцэтгэх эрхтэй болж, Арда Гүлерийн дамжуулалтаар М.Демирал багаа тэргүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

1:07 минут - Дмитри Кириченко (ОХУ 2:1 Грек, 20/06/2004, хэсгийн шат)

Хэсгийн шатны эхний хоёр тоглолтод сэлгээнд суусан "ЦСКА Москва" багийн тоглогч Дмитри Кириченког дасгалжуулагч Георгий Ярцев Грекийн эсрэг гараанд гаргасны хариуг 67 секундэд харуулж байв. Энэ гоол сүүлийн 20 жил тивийн тэмцээний хамгийн хурдан гоолын жагсаалтыг тэргүүлсэн билээ.

1:13 минут - Юри Тилеманс (Бельги 2:0 Румын, 22/06/2024, хэсгийн шат)

Эхний тоглолтод Словакт хожигдож дуулиан тарьсан Бельгийн "Улаан чөтгөрүүд" Румыныг заавал хожих даалгавартай талбайд гарсан. Английн "Аштон Вилла"-д хүчин зүтгэдэг хагас хамгаалагч Юри Тилемансын цохилтыг Румыны хаалгач Флорин Нита хаах боломж гарсангүй. 

1:22 минут - Эмиль Форсберг (Швед 3:2 Польш, 23/06/2021, Хэсгийн шат)

Гурван жилийн өмнө Шведүүд Польшийг ялснаар хэсгээ тэргүүлж байв. 

1:34 минут - Хвича Кварацхели (Гүрж 2:0 Португал, 26/06/2024, хэсгийн шат)

Тивийнхээ тэмцээнд анх удаа хүч сорьсон Гүрж хүчирхэг Португалын шигшээг 2:0-ээр хожсоноор эхний тэмцээндээ хасагдах шатанд шалгарсан түүхтэй. Тус багийн гол од, Италийн "Наполи"-д данстай Хвича Кварацхела эхний гоолыг оруулж, багаа ялалтад хөтөлсөн юм.

1:39 минут - Юссеф Поулсен (Дани 1:2 Бельги, 17/06/2021, хэсгийн шат)

зураг
 

Германы "Лейпциг" клубын дани хагас хамгаалагч Юссеф Поулсен Бельгийн эсрэг эхний гоолыг оруулсан ч "Улаан чөтгөрүүд" өрсөлдөгчөө 2:1-ээр илүүрхсэн билээ.

1:40 минут - Роберт Левандовски (Польш 1:1 Португал, 30/06/2016, шөвгийн 8)

Польшийн довтлогч Роберт Левандовски 100 дахь секундэд Португалийн хаалгыг мялааснаар аваргуудыг багагүй сандаргасан удаатай. Тоглолтын 33 дахь минутад Ренато Санчес тоог тэнцүүлж, улмаар торгуулийн цохилтоор дараагийн шатанд шалгарснаар Португал аваргалах замаа зассан түүхтэй.

1:56 минут - Люк Шау (Итали - Англи, 11/07/2021 шигшээ)

"ЕВРО 2020" тэмцээний шигшээд Английн Люк Шау эхний гоолыг хоёр хүрэхгүй минутын хугацаанд шигтгэсэн. Английн "Манчестер Юнайтед" багт зүтгэдэг хамгаалагч Л.Шау шигшээдээ оруулсан эхний гоол нь энэ байв. Гэвч Итали хоёрдугаар хагаст тоог тэнцүүлж, улмаар торгуулийн цохилтоор аваргын цом хүртсэн билээ.

2:00 минут - Робби Брэди (Франц 2:1 Ирланд, 26/06/2016, шөвгийн 16)

зураг
 

Ирландчууд эхний довтолгооноор торгуулийн цохилт гүйцэтгэх эрх олж авснаар Робби Брэди Францын хаалганд эхний гоолыг оруулсан. Гэвч Антуан Гриззманы хоёрдугаар хагаст оруулсан хоёр гоолын ачаар францчууд дараагийн шатанд шалгарсан юм.

 

Эх сурвалж: uefa