Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн Тускан мужийн хөдөө орон нутагт суурьшихаар нүүж ирэгсдэд $32,000 хүртэл хэмжээтэй тусламж үзүүлнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Италийн Тускан мужийн захиргаа саяхан хөдөө орон нутагт амьдрахаар нүүж ирэгсдийг дэмжих 2.8 сая еврогийн сан байгуулснаа зарлажээ.

Тус мужид суурьшихаар нүүж ирэх хувь хүмүүс, айл өрхүүдэд орон гэрээ төвхнүүлэхэд нь зориулан энэ сангаас 10,000-30,000 еврогийн нэг удаагийн тусламж үзүүлэхээр болсон байна.

“Энэхүү арга хэмжээний зорилго нь уулархаг нутгийн хүн амын өсөлтийг хангаж, нийгэм, эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх юм” гэж “Residenza in Montagna” хөтөлбөрийн вэб сайтад мэдээлжээ.

Хөтөлбөрийн дагуу Тускан мужийн 5,000 хүрэхгүй хүн амтай 76 хот, суурин газарт суурьшихаар ирэгсдийн орон байр засварлах зардлын 50 хувийг дээрх сангаас гаргах юм байна.

Хөтөлбөрт Италийн иргэдээс гадна Европын Холбооны гишүүн орнуудын иргэд, Европын Холбооны орнуудад хамгийн багадаа 10 жил амьдарсан гадаадын иргэд хамрагдах боломжтой ажээ.

Мөн Тускан дахь үл хөдлөх хөрөнгийг өөрийн үндсэн гэр орноо болгох шаардлага тавигдах юм байна.

Тусканийн байнгын оршин суугч болох хүсэлтийг долдугаар сарын 27 хүртэл авахаар болжээ.

Италийн хүн ам хөгширч, хөдөө орон нутаг нь эзгүйрч байгаа. Тус улсын 15 хүртэл насны хүүхдийн нийт хүн амд эзлэх хувь Европын орнуудын дотроос хамгийн багад тооцогддог.

Нийтдээ 2,500 орчим хот суурин газар 25 жилийн дотор бүрэн эзгүйрч, устах тооцоог Италийн байгаль орчны яам 2016 онд гаргаж байв.

Итали даяар 6,000 гаруй тосгон  хүн амын шилжилт, байгалийн гамшгийн улмаас эзгүйрсэн байгааг CNN өнгөрсөн онд мэдээлж байжээ.

2018 онд Италийн зүүн эргийн Молисе хот нүүж ирэгсдэд $27,500-ын нэг удаагийн тэтгэмж олгох шийдвэр зарлаж байв.

Дараа жил нь Оллолай хот эзгүйрсэн 200 сууц нэг бүрийг нэг еврогоор зарах шийдвэр гаргаж байлаа.

 

Эх сурвалж: Business Insider