Уншиж байна ...
Зураг
Зураг

Google компанийн бүх шинэ программын кодын дөрөвний нэгийг хиймэл оюунт машин зохиодог болжээ

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Google компани зах зээлд хиймэл оюуны технологид суурилсан бүтээгдэхүүн танилцуулахаас гадна дотоод үйл ажиллагаандаа ч нэвтрүүлсээр байгаа юм байна.

Мягмар гарагт тус компанийн гуравдугаар улирлын санхүүгийн тайланг хөрөнгө оруулагчдад танилцуулах үеэрээ гүйцэтгэх захирал Сундар Пичай нэгэн сонирхолтой тоо баримт дэлгэжээ.

Одоо Google компани дээр бичигдэж буй нийт программын кодын дөрөвний нэгийг хиймэл оюунд суурилсан машин зохиодог болсон гэнэ.

Ингэснээр компанийн бүтээмж, үр ашигтай ажиллагаа эрс нэмэгдэж буйг Пичай онцолжээ.

Машины зохиосон кодыг ажилтнууд нь шалгаж, нягтлах үүрэгтэй болсон юм байна.

“Үүний үр дүнд манай инженерүүд улам хурдтай ажилладаг болсон. Энэ дэвшил хөгжил надад асар их эрч хүч өгч, илүү сайн бүтээгдэхүүн гаргахад анхаарлаа хандуулах боломжийг бидэнд олгож байна” гэж Пичай энэ үеэр ярьжээ.

Google компани мэргэжилтнүүдийнхээ код бичих, бүтээгдэхүүн хөгжүүлэх үйл ажиллагаанд “Goose” гэдэг нэртэй хиймэл оюуны загвараар туслуулдаг болсон тухай эх сурвалжууд энэ оны хоёрдугаар сард мэдээлж байв.

Goose систем “Google-ийн инженерүүдийн 25 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага мэдлэг дээр сургагдаж, бэлтгэгдсэн” тухай тэр мэдээнд дурдаж байжээ.

Пичайн хэлсэн тоо баримт Google-ийн мэргэжилтнүүдийн дунд “ажилгүй болох” айдас төрүүлж буй нь гарцаагүй.

Гэхдээ тэр өмнө нь хиймэл оюуны технологи тус компанийн ажлын байруудыг цомхотгоход хүргэхгүйг амлаж байсан юм.

 

Эх сурвалж: Business Insider