Уншиж байна ...

ТАНИЛЦ: Уран олборлох төслийн талаарх гишүүдийн байр суурь

А.Ням-Өлзий, iKon.mn
28 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэв.

БНФУ-ын “Орано майнинг” компанитай хамтран хэрэгжүүлэх уран олборлох төсөлтэй холбогдуулан уг хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлснээр, УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэж байгаа билээ.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цөмийн энергийн тухай хуульд оруулах өөрчлөлтийг дэмжиж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээ хийхтэй холбоотой мэдээллийг олон нийтэд зөв өгч байхгүй бол гадна, дотнын гар хөл болсон хүмүүс хөрөнгө оруулалтын гэрээг зогсоох оролдлого гаргадаг.

Энэ хуулийн өөрчлөлтөөр тусгай АМНАТ авах асуудал хөндөгдөж байгаа нь зөв. Ажил төрөлтэй байхыг чухалчилдаг зарим хүн менежментийн 34 хувьд нь Монгол талаас нэг захирал томилогдох ёстой гэдэг өчүүхэн зүйлээс болж том төслийг саатуулдаг, шийдвэр гаргадаг хүмүүсийг буруу мэдээллээр хангадаг тал бий. Үүнийг анхаарах ёстой.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван орны нэгтэй хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ гэдэг нь маш том стратегийн ач холбогдолтой юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ төслийг дэмжиж байгаа. Эрүүл саруул ухаантай монгол хүн байдаг л юм бол дэмжих ч ёстой. Гэвч бидний мэдлэг тун нимгэн байна. Анх удаа шинэ зүйл рүү орох гэж байна. Бидэнтэй хамт эхэлж байсан Казахстан улс бараг эхний нэг, хоёрт орох тоглогч болчихсон атомын цахилгаан станцаа баръя гэж иргэдээсээ асууж байна. Бид урд нь явж байсан ч одоо Казахстанаас суралцах хэрэгтэй болсон.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ ажлыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байгаа нь зөв. Н.Учрал сайдыг ажиллаж байх хугацаандаа энэ ажлыг дуусгаасай гэж бодож байна. Бусдад нь бол итгэхгүй байна.

Гэхдээ улсын төсөв хэлэлцэж байхад иргэдийн анхаарлыг сарниулах гэж энэ хуулийн төслийг оруулж ирж байна уу, үнэхээр тийм хойшлуулшгүй асуудал мөн үү. Ажлын хэсгийнхний хариултаас харахад яаралтай асуудал биш байна. Гэхдээ цаана нь ямар нууц байдаг юм. Хэлж болохгүй зүйл байдаг юм болов уу.

Зарим хүн хэвлэл мэдээллээр пиарын шинжтэй “Бид эрчим хүчээ солонгоруулчихлаа” гэж яриад эхэлсэн. Тэгэхээр бид өнөө маргаашгүй атомын цахилгаан станц барих гээд байгаа юм уу ч гэж бодогдмоор.

УИХ-ын гишүүн Ч.Анар: Хуульд “Байгаль орчны үнэлгээний тухай хуультай заавал уялдуулна” гэдэг заалт оруулах ёстой.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ хуулийн төсөл стратегийн ач холбогдолтой учир яаралтай дэгээр хэлэлцэж байгаа. Гэхдээ яаралтай дэгээр хэлэлцэх шаардлагыг хангуулах ёстой.

Мөн уурхай ашиглаж дууссаны дараа орж ирэх мөнгөн төлбөрийг төрийн дансанд байршуулна гэдэг заалт байна. Яг энэ заалтын дагуу 2019 оноос хойш “Бадрах энержи” компани 900 мянган ам.долларыг Уул уурхайн яамны дансанд байршуулсан. Үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулдаггүй, ханш нь унаад байдаг.

Тэгвэл одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөлд байгаа төлбөрийн асуудлыг яагаад заавал төрийн дансанд авах ёстой юм бэ. Нэлээд том үнийн дүнтэй төлбөр орж ирэх гэж байгаа бол олон улсын санхүүгийн баталгааны механизмуудаар эдийн засгийн эргэлтэд оруулдаг төрийн тусгай дансанд юм уу өөр байдлаар байршуулах боломжтой гэж харж байна.