Уншиж байна ...

Испани улсад сүүлийн 30 жилийн хугацаанд тохиогоогүй хүчтэй үер буусны улмаас 95 хүний амь үрэгдээд байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт усархаг аадар бороо орсны дараа Испани улсын зүүн, төв, өмнөд бүс нутагт асар хүчтэй үер буужээ.

Сүүлийн 30 жилд тохиогоогүй хүчтэй үер гэгдэж буй байгалийн энэхүү гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо өчигдрийн байдлаар 95 хүрсэн байна.

Сураггүй болсон хүний тоо олон байгаа тул цаашид энэ тоо нэмэгдэх нь тодорхой байна.

Испанийн хот тосгод усанд автаж, хүмүүс гэрээсээ гарч чадахгүй боогдож, авто болон төмөр замууд ноцтой гэмтжээ.

Лхагва гарагийн үдээс хойш үерт хамгийн хүчтэй нэрвэгдсэн Валенсиа мужийн захиргаа амь үрэгдсэн хүний тоо 92 хүрснийг зарласан юм.

Дараа нь тус мужийн хөрш Кастия-Ла Манча мужид хоёр хүн, Андалусиад нэг хүн амь үрэгдсэнийг Испанийн төв засгийн газар нэмж мэдээлжээ.

Испанийн зэвсэгт хүчний гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах үүрэгтэй ангиас 1,000 гаруй цэргийг үерийн бүс нутагт дайчлан ажиллуулж эхэлсэн байна.

зураг
 

Засгийн газар шүүх эмнэлгийн есөн шилдэг мэргэжилтнийг цогцос таниулах ажил гүйцэтгүүлэхээр Валенсиа мужид илгээжээ.

“Өчигдөр бол миний амьдралын хамгийн аймшигтай өдөр байлаа. Бид яг л харх шиг усанд хашигдсан. Автомашинууд, хогийн төмөр савнууд гудамжаар урсаж байлаа. Усны төвшин 3 метр хүртэл нэмэгдсэн” гэж Валенсиа мужийн Утиел хотын захирагч Рикардо Габалдон улсынхаа төв телевизээр ярьжээ.

Түүний хотод хэд хэдэн хүн сураггүй алга болсон байна.

Малага орчимд дотроо 300 орчим зорчигчтой өндөр хурдны галт тэрэг замаасаа гарсан ч хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй тухай төмөр замын албаныхан мэдээлжээ.

1996 онд Пиренейн уулсын бэлд хүчтэй аадар борооны дараа 87 хүний амь үрэгдсэн нь үүнээс өмнөх Испанийн хамгийн өндөр хохиролтой үерт тооцогдож байна.

Нийт Европ тивийн хэмжээнд сүүлийн жилүүдэд тохиосон хамгийн том үер 2021 оны долдугаар сард буухад Герман, Бельги, Румын, Итали, Австри улсуудад нийтдээ 243 хүний амь үрэгдэж байв.

Газар дундын тэнгисийн бүлээн мандал дээгүүр хүйтэн агаарын урсгал шилжихэд асар хүчтэй бороо ордог энэ үзэгдлийг “gota fria” (хүйтэн дусал) гэж нэрлэдэг байна.

Энэ үзэгдлийн улмаас агаар мандалд тогтворгүй байдал үүсэж, халуун агаар хурдтай дээш өргөгддөг. Үүний дараа их устай аадар бороо ордог юм байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд ийм үзэгдлийн давтамж, эрчим улам нэмэгдэж буйг судлаачид баталдаг.

зураг
 

Өчигдөр өглөө телевизээр хийсэн мэдэгдэлдээ Испанийн ерөнхий сайд Педро Санчез эв нэгдэлтэй, тэсвэр тэвчээртэй байхыг ад иргэддээ уриалжээ.

“Гамшиг дууссан гэж хэлэх боломжгүй байгаа тул бид сонор сэрэмжээ бууруулж болохгүй. Андалусиа, Валенсиа, Арагон, Кастия-Леон, Каталониа, Экстрэмадура, Наварре, Ла Риоха, Сютад байгалийн онц байдлын түгшүүрийг цуцлаагүй байна. Тиймээс би эдгээр бүс нутгуудын ард иргэдэд онцгой анхааралтай байхыг уриалж байна. Зам харгуйгаас хол бай, гол усны сав газарт битгий ойрт, онцгой байдлын албан хаагчид, цагдаа нарын зөвлөмжийг сайн сонс. Хэн ч амь насаа эрсдэлд оруулах ёсгүй” гэж тэр мэдэгджээ.

Лхагва гарагт Испанийн парламент үерийн гамшигт амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлж, орон даяар гурван өдрийн гашуудал зарласан байна.

Испанийн хаан Фелип хохирогсдын ар гэрийнхэнд тусламж дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж, байгалийн гамшигтай тэмцэж буй онцгой байдлын болон орон нутгийн албан хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Associated Press