УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Бүгд Найрамдах Франц улстай хамтран хэрэгжүүлэх гэж буй уран олборлох төсөлд бусад улс орнууд хэрхэн хандаж байгаа талаар ажлын хэсгийн гишүүн, олон улсын харилцааны судлаач Д.Баярхүүгээс тодрууллаа.
Судлаач Д.Баярхүү “Монгол Францын харилцааны түүхийг харахад Франц улс манай тусгаар тогтнол, хөгжил дэвшил, ардчилал шинэчлэлийн бүх үйлсэд эергээр хандаж ирсэн.
Монгол улс одоогийн байдлаар найман улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байна. Эдгээр улс энэ түвшинд хүрэхийн тулд олон шалгуур давж ирсэн. Мөн 17 улстай тэгш эрхтэй түншлэлийн харилцаатай байна.
Гэтэл Франц улс 2022 онд энэ олон шатыг дамжихгүйгээр манай улстай онцгой эрхтэй түншлэлийн харилцаа тогтоосон. Энэ бол манай гадаад бодлогын том ялалт юм. Хоёр орны ерөнхийлөгч харилцан айлчилсны дүнд Франц манайхыг онцгой эрхтэй түнш гэж үзсэн. Монгол улс Францыг чухал гуравдагч түнш гэж үзсэн. Тиймээс бид энэ харилцааг нандигнаж энэ цаг үед ашиглаж амжихгүй бол мөнх биш юм.
Францын бодит сонирхол бол стратегийн том хөрөнгө оруулалт хийж, шар нунтаг үйлдвэрлэх. Тиймээс энэ алтан цаг үеийн бид ашиглах ёстой.
Монгол, Франц хоёр цөмийн эрчим хүчний салбарт хамтрахад үүнийг нураая, хөндлөнгөөс оролцъё гэдэг гадаад улс орон гарч ирээгүй.
Франц бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн том гүрэн. Аюулгүйн зөвлөлийн байнгын нэг гишүүн улс. Энэ салбарт Монголтой хамтрах гэж байгаа нь Францын хувьд хамгийн зөв зүйтэй хэрэг юм.
Хоёр улсын хамтын ажиллагаа цаашид дардан замаар явах юм бол Монгол улс Европын маш олон улсын итгэлийг олж авах боломжтой юм" гэдэг хариулт өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!