Уншиж байна ...

АУДИТЫН ДҮГНЭЛТ: Нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэлийг тооцох шаардлагатай

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн /2024.10.30/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр, 2025 оны төсвийн бодлогод анх удаа бүсчилсэн хөгжил болон хувийн хэвшлийн оролцоог татварын бодлогоор дэмжих, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэсэн  гурван онцлогийг тусгасныг дурдлаа.

Нэгдүгээрт, Монгол Улсын 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтыг бүсчилсэн хөгжлийг дэмжих, эдийн засгийн интеграцчилал бий болгоход шаардагдах нэн тэргүүний дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүллээ. Өмнө нь хөрөнгө оруулалтыг аймаг, сумдаар жижиглэж төлөвлөдөг байсан бол 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтыг бүс нутгуудыг хөгжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүсүүдэд бизнесийн орчныг сайжруулж, хөрөнгө оруулалт татах дэд бүтцийн томоохон төслүүдэд чиглүүлэхээр тусгалаа. Ингэснээр 2028 он гэхэд Монгол Улсын хатуу хучилттай авто зам 4,440 км-ээр нэмэгдэх бол эрчим хүчний салбарт 1,650.9 МВТ цахилгаан, дулааны эх үүсвэр шинээр бий болж, 1,519 км цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Эдгээр хөгжлийн бүтээн байгуулалтуудаас гадна нийгмийн салбарын төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 93 сургууль, 67 цэцэрлэг, 37 эмнэлэг, 22 дотуур байр, болон соёл, спорт чиглэлийн 60, нийгмийн хамгааллын 17 төслийг ашиглалтад оруулна гэлээ.

зураг
 

Хоёрдугаарт, Бүсийн татварын ялгаатай бодлогыг хэрэгжүүлэхээр тусгалаа. Энэ хүрээнд 20 гаруй нэр төрлийн татварыг бүсийн онцлогоос хамааран ялгаатай тогтоох боломж бүрдэж, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, бүс бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх боломжийг бүрдүүлээд байна.

Түүнчлэн, бүсчилсэн хөгжлийн зорилтод нийцсэн томоохон бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн оролцоог урамшуулан идэвхжүүлэх бодлого баримталж, томоохон төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт хийхийг уриалан дэмжсэн татварын цогц бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэж байлаа.

Гуравдугаарт, Нийслэл хотод ирэх дөрвөн жилд нийтдээ 30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөлөө. Нэн тэргүүнд, түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол зэрэг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2025 оны төсвийн төсөлд нийслэлд анх удаа 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгалаа. Ингэснээр төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламжийн мега төслүүдийг Засгийн газрын өрийн баталгаа гаргах замаар, Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төсөл, Туул хурдны зам, Шинэ их тойруу хурдны зам, Шинэ тойрог авто замын төслүүдийг нийслэлийн эх үүсвэр болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд агаарын бохирдол 22 орчим хувиар буурч, нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж, түгжрэлийн асуудал шийдэгдэнэ.

Түүнчлэн, 37 мянган айлын орон сууц барих дэд бүтцийг бий болгосноор ажлын байр нэмэгдэж, хувийн хэвшилд бизнес хийх орчныг бүрдүүлнэ.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд туссан дээрх бодлогыг хэрэгжүүлснээр ирэх онд 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж, гадаад худалдааны нийт эргэлтийг 32.8 тэрбум ам.долларт, эдийн засгийн өсөлтийг 8.0 хувьд хүргэж, нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 36.8 их наяд төгрөгт хүрэхээр тооцсон гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.

Хуулийн төслүүдийн танилцуулгатай холбогдуулан Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.

зураг
 

Тэрбээр, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурт нийцэж байгаа эсэхийг танилцууллаа. Тухайлбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлоготой нийцэж байгааг дурдахын зэрэгцээ Засгийн газрын өрийн үлдэгдэл 2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 42.6 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсөв, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаатай нийцэж байна гэлээ.

Мөн  төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёроос дээш хувийн ашигтай байх, нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ий) 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн тусгай шаардлагуудыг хангасан байна гэв.

Түүнчлэн 2025 оны төсвийн төсөл нь урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлалд нийцсэн боловч Улсын Их Хурлаас “Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө”-г батлаагүйгээс түүнд чиглэсэн эсэхийг харьцуулан дүгнэх боломжгүй байгааг онцлон тэмдэглэлээ.

Мөн Үндэсний аудитын газраас төсвийн төсөлд дараах аудитын дүгнэлтийг гаргажээ. Үүнд:

Гадаад хүчин зүйлийн нөлөөлөл, уул уурхайн салбарын голлох нэрийн бүтээгдэхүүний эрэлтээс шалтгаалж нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр дутагдах, орлого тасрах эрсдэлийг тооцох шаардлагатай байна гэлээ.

Төсвийн төслийн хамт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг өргөн мэдүүлсэн нь төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг алдагдуулж, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулж байна. Засгийн газраас 2025 онд бүсчилсэн хөгжлийн хүрээнд дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилт дэвшүүлэн авто зам, эрчим хүч, дэд бүтцийн төсөл, арга хэмжээг төлөвлөсөн нь өмнөх онуудад улс, бүсийн түвшинд тэргүүлэх ач холбогдол багатай, олон жижиг төсөл, арга хэмжээг улсын төсвөөр санхүүжүүлэхээр тусгаж байсантай харьцуулахад төсөл, арга хэмжээний цар хүрээ, үр нөлөөний хувьд тодорхой ахиц гарсан байгааг Ерөнхий адуитор дүгнэлтдээ онцолсон.

Мөн шинээр хэрэгжүүлэх төслийг үнэлэх, эрэмбэлэх, сонгох аргачлалд зөвхөн барилга байгууламжийн төсөл, арга хэмжээг хамруулж байгаа нь бусад ангиллын төсөл, арга хэмжээг орхигдуулах, тусгай шалгуур үзүүлэлтээр үнэлээгүй, шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгах эрсдэлийг дагуулж байна. Өмнөх оноос шилжин хэрэгжих төсөл, арга хэмжээнээс худалдан авах ажиллагаа зарлагдаагүй, гүйцэтгэгч шалгараагүй, төсөвт өртөг нэмэгдсэн зэрэг шалтгаанаар нийт 1,168.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 420.8 тэрбум төгрөгийн 130 төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгаагүй байна. Төсөл, арга хэмжээний санхүүжилтийг үргэлжлэх хугацаатай нь уялдуулахгүйгээр гурван жилд тэнцүү хуваарилахаар хуульд заасан нь олон жил үргэлжлэх томоохон барилга байгууламжийн хувьд төсөвт өртгийн хэмжээнээс хамаарч тухайн жилд төлөвлөсөн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрэн ашиглаж чадахгүй байх, нөгөө талаас санхүүжилт шаардлагатай бусад арга хэмжээний төсөв батлагдахгүй орхигдох эрсдэлийг үүсгэж байна гэв.

Цахим систем болон техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын өртөг зардлыг тооцож төлөвлөх, хянах, хэрэгжүүлэх, хүлээн авахтай холбоотой зохицуулалт, жишиг үнэ, заавар журам хангалтгүй байгаа нь төсөвт өртгийг үндэслэлтэй тооцож үр ашигтай төлөвлөхөд сөргөөр нөлөөлж байгааг Д.Загджав дарга аудитын дүгнэлтэд дурдлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.