Уншиж байна ...

Өмнөд Солонгос 243 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ, Беларусь улсуудад экспортлохыг хориглолоо

Т.Давааням, ikon.mn
2024 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн яам 243 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Орос, Беларусь улсуудад экспортлохыг хориглож байгаагаа Баасан гарагт зарлажээ.

Эдгээр бараа бүтээгдэхүүнүүдийг цэрэг дайны зориулалтаар ашиглахаас сэргийлэх зорилгоор ийм хориг арга хэмжээ авсан байна.

Ингэснээр Украины дайн эхэлсэн цагаас хойш Өмнөд Солонгосын экспортын хоригт багтсан бараа бүтээгдэхүүний тоо 1,402 болон нэмэгджээ.

Шинээр нэмэгдсэн бараа бүтээгдэхүүнд металл тастагч багаж, оптикийн багаж хэрэгсэл, төрөл бүрийн мэдрэгчүүд зэрэг багтсан байна.

Өмнө нь байгуулагдсан бизнесийн гэрээ хэлцлийн дагуу хориотой барааг Орос, Беларусь улсуудад нийлүүлэх бол Өмнөд Солонгосын худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас зөвшөөрөл авах ёстой болжээ.

Шинэчилсэн хоригийн жагсаалтыг бэлтгэл ажлыг хангасны дараа наймдугаар сарын сүүлээр хэрэгжүүлж эхлэх гэнэ.

Энэ сарын эхээр Орос, Умард Солонгосын удирдагчид стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулсны дараа Өмнөд Солонгос улс экспортын хоригоо өргөжүүлж болзошгүйг тус улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чан Хо Жин мэдэгдэж байсан юм.

 

Эх сурвалж: Yonhap News