Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амарбаясгалан: Шинэ цагийн парламентын ёс, улс төрийн соёл өнөөдрөөс эхэлж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

126 гишүүнтэй парламентын анхдугаар чуулганы хуралдаан болж, УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг сонгов.

Шинэхэн сонгогдсон УИХ-ын дарга тамгаа гардаж авсныхаа дараа өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Тэрбээр "Шинэ УИХ-д мажоритар тогтолцоогоор 78, хувь тэнцүүлсэн аргаар 48 гишүүн сонгогдон бүрэлдэж байгаа нь манай улсын парламент соёлыг бэхжүүлсэн, улс төрийн шинэ соёлын нэвтрүүлсэн түүхэн үйл явдал болж байна. 

Төрийн бодлого боловсруулах, хууль тогтооход УИХ-ын үйл ажиллагаанд улс төрийн намуудын оролцоог өргөжүүлэх, үнэмлэхүй олонхын засаглалыг зөвшилцлийн улс төрд шилжих чухал алхам боллоо.

Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан.

Иймд улс төрийн намууд УИХ-д суудалтай эсэхээс үл хамааран эх орныхоо хөгжлийн бодлогын талаар үнэ цэнтэй санал санаачилга дэвшүүлдэг. 

Түүнийг эрх баригч болон сөрөг хүчнүүд хүндэтгэдэг. Улмаар үндэсний зөвшилцлийг бий болгож бодлогын тогтвортой байдлыг хангадаг байх нь чухал юм. Бид хэрүүл маргааны улс төрөөс мэтгэлцээний соёл, зөвшилцөл, хөгжлийн бодлогын улс төрд шилжиж байна. 

Энэ зөвшилцлийн хүрээнд эрчим хүч, хөдөөгийн хөгжил, шинэ хоршоо, эрүүл мэнд, нийгмийн салбар, Улаанбаатар хотын хөгжил, иргэний нийгмийг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэнд бүрд хүртээх зэрэг улс орны амьдралын амин чухал салбарт цогц реформ, шинэчлэл хийх хариуцлагатай үүрэг та бидэнд ногдож байна.

УИХ-ын даргын хувьд парламентад суудалтай намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч эв нэгдлийг хангаж, эх орон ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, Үндсэн хуулийг сахин ажиллана.

Хүний эрхийг хангах, хамгаалах явдал нь төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд парламентын анхаарлын төвд байх болно. Тиймээс Монгол Улс хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизм дахь УИХ-ын оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдал тогтвортой хөгжлийг хангах зэрэг хүний эрх, эрх чөлөөний асуудлыг шинээр байгуулагдаж буй УИХ онцгой анхаарч ажиллана. 

Энэ удаагийн УИХ-д тусгай хэрэгцээт иргэд болон эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувь буюу олон улсын дунджийг давж байгаа нь хууль тогтоомж, бодлогын бичиг баримтууд дахь хүний эрх, эрх чөлөөний хамгааллын түвшинд томоохон ахицыг бий болгох хөшүүрэг болно. 

Төрийн үйл ажиллагаа иргэдэд ойлгомжтой, илүү тодорхой, тогтвортой байх учиртай. Иймд УИХ олон нийтэд нээлттэй ажиллаж, үйл ажиллагаагаа ил тод явуулна. 

Тухайлбал УИХ-ын нэгдсэн хуралдааны тэмдэглэл, санал хураалтын үр дүнг тогтмол мэдээлж, хууль тогтоомж батлах явц дахь иргэний нийгмийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлнэ. 

УИХ бол иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэгч, Монгол Улсын төрийг барих дээд байгууллага болохын хувьд гүйцэтгэх засаглалд шаардлага тавьж хариуцлага асуух хэрэгтэй Үндсэн хуулийн байгууллага мөн. 

Иймд УИХ-ын гишүүд та бид өөрсдөө ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ёс зүйн манлайллыг үзүүлэх ёстой. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм болон хөрөнгө орлогын мэдүүлгийг илүү боловсронгуй болгож, хууль тогтоомжийг сайжруулахад анхаарч ажиллана. 

Энэ удаагийн УИХ бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодит үр дүнд хүргэж, хот хөдөөгийн ялгааг арилгаж, амьдралын тэгш гарааны боломжтой байх, эх орондоо тэгш хангалуун байх нөхцөл боломжийг бүрдүүлэх өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлэх хууль тогтоомжийг батална.

Шинэ цагийн парламентын ёс, улс төрийн шинэ соёл өнөөдрөөс эхэлж байна. Эрхэм гишүүд та бүхнийхээ эх орноо хөгжүүлэх хүсэл зориг, хичээл зүтгэл сэтгэлчлэн бүтэх болтугай" хэмээн ярилаа.