Уншиж байна ...

ФОТО: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэнгийн нээлт боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" олон улсын үзэсгэлэн Чингис Хаан Үндэсний музейн найман давхарт өнөөдөр нээлтээ хийлээ. 

Уг үзэсгэлэнд Франц, Швейцарын алдартай музейгээс ирсэн үзмэрийг монголчуудад толилуулах юм.

Тодруулбал Францын Үндэсний архивт хадгалагдаж буй Монголын Ил хаант улсын хаан Өлзийтөөс Францын IV Луй Филипп хаанд илгээсэн Монгол бичгийн захидал эх хувь, мөн араб, перс бичигтэй Ил хаант улсын үеийн шаазан эдлэл, Францын Луврын музей, Швейцарын Ритберг музейд хадгалагдаж буй Кидан улс, Хүннү, Ил хаант, Юань улсын үеийн ховор чухал дурсгал манайд цугларснаар Монголын эзэнт гүрний төдийгүй бүрэлдэхүүн улсын түүхийг цогцоор нь харах боломжийг олгож байна.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Чингис Хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Францын Элчин сайд Себастьен Сүрүн болон Францын Севр Керамикийн Үндэсний музейн Сан хөмрөгийн газрын дарга Аннес Буше, тус музейн куратор Делфин Мирудо, Швейцарын Ритберг музейн дэд захирал Йоннас Белц нарын олон зочид төлөөлөгчид оролцлоо.

Энэ үеэр Севр Керамикийн Үндэсний музейн Сан хөмрөгийн газрын дарга Аннес Буше "Монголчууд хэрхэн дэлхийг өөрчилсөн талаар ойлголт өгөх, Чингис хааны тухай үзэсгэлэнд оролцож, гайхамшигтай түүхийг та бүхэнд толилуулах нь надад тохиосон нэн хүндтэй завшаан билээ. Энэ түүхэнд танай өвөг дээдсийн гарын бүтээл хэрхэн хээр цөл, тэнгис далай, хил хязгаар, зууныг дамжин Франц орноо хүрсэн талаар өгүүлэх юм.

Тэдгээрийн нэг нь 1305 онд Өлзийт хаанаас Францын IV Луй Филипп хаантай ойр дотно харилцааны илэрхийлэл болсон захидал юм. Би өнөөдөр Парисаас Улаанбаатарт ирэхдээ уг захидал хэр хол зам туулсныг төсөөлөн, сэтгэл маш их хөдөлж байлаа.

Найман зуун жилийн дараа эх нутагтаа эргэн ирсэн уг захидал орчин үеийн даяаршсан ертөнцөд дундад зуун нь харанхуй үе биш гэдгийг нотолдог. Алс хол зайтай, хэл, шашин соёл ондоо ч Өрнө ба Дорнын хооронд, Францаас Монголын нутагт андлан нөхөрлөх уламжлал байсны нотолгоо энэ юм.

Уг захидлын туулсан зам нь тухайн үеийн монголчуудын бараа бүтээгдэхүүн, урлагийн бүтээл, соёлын өв Өрнийн чанадад орших манай бүс нутагт элбэг байсныг илтгэнэ. Зарим нь дипломат шугамаар бэлэг хэлбэрээр зарим нь худалдааны бараа бүтээгдэхүүн байдлаар ирж байв. Энэ үзэсгэлэн бидний оюун ухааныг сорьж, сэтгэлгээг маань задалж байна.

Францын соёлын яамнаас үзэсгэлэнд зориулсан үзмэрийн зарим нь олонд төдий л танигдаагүй, Монголын эзэнт гүрний үед урласан ч зарим орны цуглуулагч, баячуудын хувийн өв санд байснаар 19 дүгээр зууны эцэс гэхэд Европт тэр тусмаа Францад ирснийг онцолъё" гэлээ.

Үзэсгэлэн долдугаар сарын 3-наас наймдугаар сарын 25-ныг дуустал Чингис Хаан Үндэсний музейн найман давхарт болно.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг